Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсооно

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсооно

АНУ болон Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоовол Пхеньян цөмийн туршилтаа зогсооно гэж БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Су-Ён мэдэгджээ. Гэвч АНУ-ын төлөөлөгчид Пхеньян аливаа яриа хэлцэл бүрийн өмнө үргэлж ийм мэдэгдэл хийдэг хэмээн үл ойшоосон байр суурь илэрхийлжээ.

Хойд Солонгос олон улсын хориг арга хэмжээнд уягдахгүй гэдгийг Ри Су-Ён онцолсон байна. Хойд Солонгосыг цөмийн туршилт хийж, баллистик пуужингийн технологи ашиглахыг НҮБ-аас 2006 онд хориглосон юм. Гэвч Хойд Солонгос өчигдөр /IV.23/ шумбагч хөлгөөс баллистик пуужин амжилттай хөөргөсөн гэж мэдээлэв.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн туршилт нь аюулгүй байдлаа хамгаалах зорилготой гэдгийг гадаад хэргийн сайд Ри Су-Ён тайлбарлажээ. Мөн тэрбээр Солонгосын хойгийн зөрчил зөвхөн хоёр орон төдийгүй дэлхий дахинд сүйрэл авчрах боломжтой гэсэн байна.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдээлсэн юм. Үүний дараа өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн билээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж