Барак Обама Хирошимад очно

Хуучирсан мэдээ: 2016.04.23-нд нийтлэгдсэн

Барак Обама Хирошимад очно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улс дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш энэ хотод айлчлах гэж буй анхны ерөнхийлөгч болно гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусах дөхсөн Барак Обама ирэх сард Хирошимад айлчлахаар төлөвлөсөн нь “цөмийн зэвсэггүй дэлхий” кампанит ажлаа урагшлуулах нэг алхам юм.

Барак Обама ирэх тавдугаар сарын 27-нд Мие мужид цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Хирошима хотод айлчлах гэнэ.          

Цагаан ордны төлөөлөгчид айлчлалын талаар Японы Засгийн газрын албаны хүмүүстэй хэдийн ярилцсан бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Барак Обамаг Хирошима хотод очиход хамт явах гэнэ.

2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ Барак Обама дэлхийг цөмийн зэвсэггүй болгох тухай санаачилга гаргасны талаар Нобелын энхтайвны шагналын эзэн болсон юм.

Барак Обамаг Хирошима хотод айлчлах тухай яриа гарсантай зэрэгцэн Японд атомын бөмбөг хаясан хэргийн төлөө уучлал гуйх эсэх тухай АНУ-д маргаан дэгджээ.

АНУ-ын ахмад дайчид болон зарим иргэд атомын бөмбөг Япончуудыг буулгаж авахад зайлшгүй шаардлагатай байсан гэж үздэг юм.

АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, мөн наймдугаар сарын 15-нд Нагасаки хотын дээрээс атомын бөмбөг хаяснаар Япон улс бууж өгч, дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болсон.

Хирошима хотод атомын бөмбөг хаясны улмаас 140,000 хүн, Нагасаки хотод 74,000 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн номхон хүмүүс байжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж