СОНГОМОЛ БАРИЛДААН: Олимпийн 18 эрхийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

СОНГОМОЛ БАРИЛДААН: Олимпийн 18 эрхийн эзэд тодорлоо

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол барилдаанаар эхэллээ. Дэлхийн 80 орны 600 гаруй тамирчид сонгомол, чөлөөт барилдааны төрлүүдэд РИО-2016 олимпийн эрхийхн төлөө өрсөлдөж байна. 

Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн барилдаанд эрэгтэй 59, 66, 75, 85, 98 кг-ын жинд 51 орны 151 тамирчин олимпийн 18 эрхийн төлөө өрсөлдлөө. Жин бүрийн финалд шалгарсан нь олимпийн эрхээ шууд авсан бол хүрэл медалийн эзэд нэмэлт барилдааныг хийлээ. 

Энэ өдөр Беларусын баг тамирчид хоёр алтан медаль авсан бол Узбекстан, Армен, БНСУ, БНХАУ зэрэг улсын тамирчид олимпийн эрх авлаа.

59 кг-д 2016 оны Европын АШТ-ий хүрэл медальт Украины Дмитро Цимбалиук Норвегийн С.Бергетэй барилдан дийлдсэн юм. Ийнхүү Норвегийн Берге финалд шалгарч олимпийн эрхээ хүртсэн юм. Мөн хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Узбекистаны Элмурат Тасмурадов, БНСУ-ын Сюн Хак Кимтэй гар зөрүүлж, 2:11-ээр ялагдав. Ийнхүү БНСУ-ын Сюн Хак Ким томчуудыг нурааж финалд үлдэн олимпийн эрхээ авлаа. 

БНСУ-ын Сюн Хак Ким томчуудыг нурааж финалд үлдэн олимпийн эрхээ авлаа

75 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Туркийн Сельчук Чеби хагас шигшээд БНХАУ-ын Бин Янтай барилдсан ч 3:2-оор Ян өрсөлдөгчөө хожин финалд шалгарч олимпийн эрхээ өвөртлөв. Мөн Буурал тивийн хошой аварга, Дэлхийн аварга Унгарын Петер Бачи хагас шигшээд Румыны Илье Сожокариг буулган авч, финалд үлдэн олимпийн эрхээ авсан юм. Шувтаргын барилдаанд БНХАУ-ын Бин Ян гарч ирээгүй учир Унгарын Петер Бачи алтан медаль хүртлээ. 

66 кг-д 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Ливтын Эдгарас Венцкайтис хагас шигшээд Румыны Ион Панайттай оноолт таарч, 2:6-гаар дийлдэв. Ийнхүү Панайт олимпийн эрхээ хүртлээ. Тэрбээр өдгөө 34 настай бөгөөд европын аваргаас хошой мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн юм. 

Мөн их шөвөгт Беларусийн Павел Лиах, Финландын Теро Валимаки нар оноолт таарч, Валимаки өрсөлдөгчөө ялан аваргын төлөө шалгарч, олимпийн эрхээ авсан юм. Аваргын төлөөх барилдаанд Румыны Ион Панайт, Финландын Теро Валимакиг хожин алтан медаль хүртлээ.  

Энэ жинд АНУ-ын Р.Перкинс, 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Ливтын Эдгарас Венцкайтис нар олимпийн эрхийн төлөө хүч үзэхэд 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Ливтын Эдгарас Венцкайтис ялан Риог зорих эрхтэй болов. 

85 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Жавид Гамзатов хагас шигшээд Японы Тайчи Окаг ялан финалд үлдэж олимпийн эрхээ авлаа. Мөн 1/2 шигшээд Армений Максим Манукьян, Европын наадмын хүрэл медальт Германы Рамсин Азизсир нар учраа таарч, гал гарсан барилдаан үзүүлсний эцэст Манукьян өрсөлдөгчөө 12:4-өөр хожин финалд шалгарч олимпийн эрхээ авав. Финалд ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Жавид Гамзатов эцсийн мөчид Армений Максим Манукьянийг 5:4-өөр буулган авч түрүүлсэн юм.  

Энэ жинд хүрэл медалийг Автсрийн Амер Хрустанович, Шведийн Кристоффер Берг нар хүртэв. Тэд жингийнхээ олимпийн гурав дахь эрхийн төлөө хүч үзэхэд Кристоффер Берг  өрсөлдөгчөө 6:2-оор ялж, Риод зодоглохоор боллоо. 

98 кг-д Беларусийн Александр Храбовик, Италийн Д.Тимончиниг ялж, аваргын төлөө хүч үзэхээр болов. Мөн Гүржийн Ревази Надарейшвили, Шведийн Карл Фредрик Стефаныг ялж, олимпийн эрхээ өвөртлөн финалд шалгарлаа. Финалын барилдаанд Беларусийн Александр Храбовик өрсөлдөгчөө буулган авчээ. 

Энэ жинд Италийн Д.Тимончини, Шведийн Карл Фредрик Стефан нар хүрэл медалийн эзэн болов. Олимпийн эрхийг Шведийн Карл Фредрик Стефан хүртсэн юм. 

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Бямба гариг /IV.23, Буянт-Ухаа спортын ордон/

9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Ням гариг /IV.24, Буянт-Ухаа спортын ордон/

9.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. Тус тэмцээнээс чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгох юм.

Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” телевиз шууд дамжуулж үзүүлж байна.

Тэмцээнийг шүүхээр олон улсын шүүгч 40 шүүгч ажиллаж байна. Тэдний дунд олимпийн зэрэглэлийн шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нар багтсан юм.

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын 14, 23, 52, Орос 14, Сант, Орчлон, Эрдмийн өргөө сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд нийт 50 гаруй сайн дурын ажилтнууд ажиллаж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж