Ненад Лалович: Монголчууд бөхөд хайртай ард түмэн юм

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Ненад Лалович: Монголчууд бөхөд хайртай ард түмэн юм

Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна. Буянт-Ухаа спортын ордонд олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол барилдаанаар эхэллээ. Дэлхийн 80 орны 600 гаруй тамирчид сонгомол, чөлөөт барилдааны төрлүүдэд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Сербийн иргэн Ненад Лалович, УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МЧБХ-ны ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны дэд дарга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович хэлэхдээ “Олимпийн эрх олгох сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн Монгол Улсад амжилттай эхэлж байна. Энэхүү ордонд хүрэлцэн ирсэн үзэгч та бүхнийг харахад үнэхээр бөхийн орон гэдэг нь бэлэхнээ харагдаж байна. Бидний спортыг дэмждэг үзэгч та бүхэнд халуун талархал илэрхийлье.  Зуны олимпийн сонгон шалгаруулалтанд оруулсан зохион байгуулах хорооны гишүүд та бүхэнд баярласнаа илэрхийлж байна. Бид сонгомол, чөлөөт бөхийн төрлүүдэд олимпийн 48 эрхийг тодруулахаар цуглараад байгаа билээ. Энэхүү шалгаруулалтад оролцож байгаа дэлхийн олон орны баг тамирчдадаа талархаж байна. Мэдээж энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж буй Монголын чөлөөт бөхийн холбоо болон шүүгч, тамирчид, дасгалжуулагч нартаа талархлаа. Мөн сайн дурын ажилтан болоод нийт үзэгч та бүхэнд баярлаж байна. Олимпийн эрх олгох тэмцээн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд баярлалаа.” гэлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр сонгомол барилдаанд эрэгтэй 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жинд 51 орны 151 тамирчин оролцож байна. Тэднээс эхнээсээ олимпийн эрхийн эзэд тодорч эхэллээ. Тодруубал, сонгомол барилдааны эхний гурван байрт орсон тамирчид олимпийн эрхээ авах юм. Хүрэл медаль авсан тамирчдын дунд дахин нэмэлт барилдаан хийж, ялсан нь РИО-г зорих эрхтэй болно. Одоогоор тэднээс дараах бөхчүүд эрхээ аваад байна. Тэдний дунд Норвегийн С.Берге, БНСУ-ын Сюн Хак Ким, БНХАУ-ын Бин Ян, Унгарын Петер Бачи нарын бөхчүүд финалд үлдэн эрхээ авлаа.

Үүнд: 

59 кг-д 2016 оны Европын АШТ-ий хүрэл медальт Украины Дмитро Цимбалиук Норвегийн С.Бергетэй барилдан дийлдсэн юм. Мөн хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Узбекистаны Элмурат Тасмурадов БНСУ-ын Сюн Хак Кимтэй гар зөрүүлж, 2:11-ээр ялагдав. Ийнхүү Норвегийн Берге, БНСУ-ын Сюн Хак Ким нар томчуудыг нурааж финалд үлдэн олимпийн эрхээ авлаа. 

75 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Туркийн Сельчук Чеби хагас шигшээд БНХАУ-ын Бин Янтай барилдсан ч 3:2-оор Ян өрсөлдөгчөө хожин финалд шалгарч олимпийн эрхээ өвөртлөв. Мөн Буурал тивийн хошой аварга, Дэлхийн аварга Унгарын Петер Бачи хагас шигшээд Румыны Илье Сожокариг буулган авч, финалд үлдлээ. 

85 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Жавид Гамзатов хагас шигшээд Японы Тайчи Окаг ялан финалд үлдэж олимпийн эрхээ авлаа. Мөн 1/2 шигшээд Армений Максим Манукьян, Европын наадмын хүрэл медальт Германы Рамсин Азизсир нар учраа таарч, гал гарсан барилдаан үзүүлсний эцэст Манукьян өрсөлдөгчөө 12:4-өөр хожин финалд шалгаран РИО-г зорих "тийз"-тэй үлдлээ. 

98 кг-д Беларусийн Александр Храбовик, Италийн Д.Тимончиниг ялж, аваргын төлөө хүч үзэхээр болов. Мөн Гүржийн Ревази Надарейшвили, Шведийн Карл Фредрик Стефаныг ялж, олимпийн эрхээ өвөртлөн финалд шалгарлаа. 

Финалын барилдаан энэ цагт эхэллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж