Булган аймгийн орон нутгийн сонгуульд “гал” гарна

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Булган аймгийн орон нутгийн сонгуульд “гал” гарна

Энэ сарын 20-ны 17:00 цаг гэхэд орон даяар 2016 оны Улсын их хурлын сонгууль болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид, нам эвсэл  нэгдсэн журмаар мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу харъяа Аудитын байгууллагад өгснөөр энэ удаагийн сонгуулийн марафоны бага сунгаа эхэлсэн.

Бараг жилийн өмнөөс л хэн хэний намаас хэнтэй өрсөлдөх бол гэсэн таамаг хаа сайгүй тэнэж, үндэсний их баяр наадмын үзүүр түрүүнээс ч сонирхолтой байв.

УИХ-ын сонгуульд  тогтмол оролцдог нам, эвслүүдийн томчууд нь ахиухан авчих гээд, жижигчүүл нь ганц нэгийг зулгаачих гээд мөрийн хөтөлбөрөө барин үндэсний Аудитын газрын хаалгыг ачааллуулсан гэнэ. Мөн шинээр хүч үзэхээр зэхэж шуугиан дэгдээгээд байгаа С.Ганбаагийн ХҮН нам, Уянгын ТТЭЭ нам нар ч гэсэн мөрийн хөтөлбөрөө өгөөд амжсан байна. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд 79 бие даагч хүчийг үзэхээр мөрийн хөтөлбөрөө өгсөн нь өмнөх сонгуулиас их байгаагаараа олны анхаарлыг ихээхэн татаад байна.  Гэвч энэнээс илүү сонирхол татах зүйл Булган аймгийн ИТХ-ын сонгуульд болох шинжтэй боллоо. Учир нь Булган аймагт анх удаагаа бүх суманд бие даагч нар нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгчээ. АН нь сойх морьгүй, МАН нь морь нь илүүдээд хоорондоо уралдаад, УИХ-ын үр дүн бараг тодорхой “улаан” гэгдээд байгаа анхдагчдын нутаг ИТХ-д мөн л бие даагчдийн тоогоороо толгой цохиж, бие даагч нар нь олонх болсон “анхдагч” аймаг болохгүй гэх газаргүй бололтой. Тиймээс УИХ-ын сонгуульд биш, ИТХ-ын сонгуульд нь “гал” гарах ширүүхэн өрсөлдөөн явагдах нь тодорхой болоод байна.

Сүүлийн үеийн томоохон олон судалгаагаар Булган аймагт намчирхал хэрээс хэтэрсэн, иргэдийн намууддад итгэх итгэл алдарсан гэсэн үр дүнг хэвлэлийнхэн цацаад байсан нь ийм учиртай байжээ.  Юу болохыг хүлээх л үлдлээ.

Ш.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж