ASEP-ийн есдүгээр чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

ASEP-ийн есдүгээр чуулган өндөрлөлөө

ASEP-ийн есдүгээр чуулганы арга хэмжээ хоёр өдрийн турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Чуулганд хүрэлцэн ирсэн Ази-Европын парламентын зочид төлөөлөгчдийн байр суурийг илэрхийлсэн Тунхаглалыг баталлаа.

Энэхүү чуулганы хүрээнд  хоёр салбар хуралдаан болсон юм. Салбар хуралдаанаас гарсан санал санаачлагыг нэгтгэж Тунхаглалд тусгасан гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн.

Салбар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн хэлсэн санал санаачлагаас товчхон дурдвал:

Испани улсын парламентын төлөөлөгч “Бид дэлхийн эдийн засагтай холбоотой үйл явцыг хөндөх ёстой. Сүүлийн үед Испани улс санхүүгийн хүнд бэрхшээлийг туулж байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах олон чиглэлээр анхаарал хандуулах шаардлагатай болов уу. Ингэснээр олон сая хүнийг эдийн засгийн хүндрэлээс аврах гарц болно. Манай улс банкны системд тулгуурласан арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалтгүй байгаа юм” гэлээ.

БНХАУ-ын парламентын төлөөлөгч “Манай улсын далай тэнгис хилийн орчмоор асуудал тулгарч байна. Тодруулбал зүүн хэсгээр зарим улс орны иргэд хил нэвтрэн орж далай тэнгисийн аюулгүй байдалд халдсан. Энэ асуудлыг шийдэх нь манай улсын асуудал ч гэлээ бусад улс орнууд нэгдэж хамтын хүчээр шийдвэрлэх нь илүү үр дүнтэй. Бид бол өөрсдийн тусгаар тогтнол аюулгүй байдлыг хатуу хамгаална. Далай тэнгисээр зөвшөөрөлгүй хил нэвтэрч аюулгүй байдалд заналхийлэх гэсэн оролдлогод бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулна гэж найдаж байна” гэсэн юм. 

ОХУ-ын парламентын төлөөлгч: “ASEP-ийн есдүгээр чуулганд оролцож байгаа ОХУ-ын зорилго бол Шанхайн хамтын ажиллагаа, Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч Тунхаглалд тусгуулахад оршиж байгаа юм” гэв.

Швейцарь улсын парламентын төлөөлөгч: “Дэлхий нийтэд гарч байгаа зөрчил тэмцлийг энэхүү Тунхаглалд хэрхэн тусгах нь чухал. Миний бодлоор иргэний нийгмийн байгууллагуудыг урьж оролцуулаад, ард иргэдийн эрх ашгийг түлхүү тусгах ёстой. Биднийг сонгосон ард иргэд ямар байдлаар хохироод байгааг, тэдний эрх ашгийг хамгаалалх үүднээс ямар арга хэмжээ авах талаар ярилцах нь илүү чухал” гэлээ.

Монгол Улсад хүрэлцэн ирсэн олон улсын зочид төлөөлөгчид  маргааш “Говь” үйлдвэртэй танилцаж, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбороор зочлон, хүндэтгэлийн концерт үзэж сонирхох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж