Утасны кодыг тайлахад 1.3 сая ам.доллар төлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Утасны кодыг тайлахад 1.3 сая ам.доллар төлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Сан Бернардино хотод халдлага үйлдсэн алан хядагчийн iPhone утасны нууц үгийг хакеруудаар тайлуулахад 1.3 сая ам.доллар төлсөн талаар тус байгууллагын дарга Жеймс Коми мэдэгдсэн байна.

Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн утаснаас хэргийн хамсаатнуудтай холбоотой мэдээлэл олж авах зорилгоор гар утасны нууц үгийг тайлуулахаар Apple корпорацид хандсан боловч технологийн корпораци мөрдөх товчоотой хамтран ажиллахаас татгалзаж, нэг утасны нууцлалыг арилгавал бусад бүх хэрэглэгчийн гар утасны нууцлалыг арилгаж, эрх ашгийг хөндөнө гэж шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

АНУ-ын Засгийн газар хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах зорилгод хакеруудыг ашиглах хэрэгцээ улам нэмэгдэхийн хэрээр кибер зэвсэг, гар утас тагнаж чагнах, нууц үг тайлах ажлын зардал долоон оронтой тоогоор хэмжигдэх болсон байна. Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн гар утасны нууц үгийг Израилын нэгэн компаниар тайлуулахаар болсны дараа мөрдөх товчоо болон Apple компанийн хооронд үүссэн заргыг хүчингүй болгосон билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж