Энэ сарын 11-ний өдөр “Шинэ төмөр зам” болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийсэн билээ. Ингэхдээ тусгай албаныхныг шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь олны анхаарлыг татаж, нийгэмд шуугиан тариад байсан.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Хуралд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү нар оролцлоо.