“Nissan March” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

“Nissan March” Монголд ирлээ

“Monnis motors” компани “Ниссан”-ы инженерүүдийн гайхамшигт бүтээл “Pure drive” буюу байгальд ээлтэй авто машины “2011 All new Nissan March” загварыг Монголын зах зээлд танилцууллаа. Автомашин үйлдвэрлэгчид бат бөх, эдэлгээ сайтай, эвдрэл багатай, зардал багатай, байгаль орчинд ээлтэй ухаалаг технологид суурилсан, өнгө үзэмжийн төгс зохицол, загвар бүхий сонгодог хэлбэртэй, өдөр тутмын энгийн хэрэглээний байх авто машин үйлдвэрлэхийг ямагт эрэлхийлж, зорьдог. Олон жилийн энэхүү цуцалтгүй эрэл хайгуулын дүнд Ниссаны шилдэг инженерүүд  “Nissan March” авто машиныг шинэчлэн зохион бүтээснээ дэлхий нийтэд зарласан юм. Дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхах хүсэлтэй хэн бүхэнд зориулж, “Ниссан моторс”-ын хамт олон нээлтээ хийж, худалдаанд гараад удаагүй байгаа энэхүү шинэхэн загваруудыг Монголын хэрэглэгчдэд танилцуулах нээлтийн ёслолыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Тус загвар нь суудлын болон “Hatchback” ангиллуудын давуу шинжийг агуулсан бөгөөд зай талбай бүхий зорчигчийн бүхээг, ая тух хангасан зөөлөн байдал, шаламгай хурд авалт, дизайнлаг хийц, шатахуун бага зарцуулалт, сайжруулсан мотор, хурдны хайрцаг болон бусад механизм, тоноглолуудын шинэ технологиуд, техникийн гүйцэтгэл, аюулгүй байдлын үзүүлэлт, бага зайд эргэлт хийх чадвар зэрэг үзүүлэлтүүдээрээ өрсөлдөгчдөөсөө илүү болсныг авто машиныг сонирхогчид тэмдэглэн хэлжээ. Энэ үдэш урлаг соёлынхон болон бизнесийн хүрээнийхэн хүрэлцэн ирж, “Nissan March” авто машины шинэчлэгдсэн таван өнгө бүхий загвартай танилцсан юм. Улсын драмын театрын жүжигчин Ц.Баясгалан, Г.Отгонцэцэг, А.Ганчимэг, хошин урлагийн жүжигчин Г.Ганзориг, поп дива Ж.Алтанцэцэг, дуучин Б.Хонгор, хөгжмийн продюсер Рагу, эхнэрийн хамт өнгө алагласан “Ниссан”-ы шинэхэн загваруудтай танилцлаа. Өнгөний сонголтын хувьд улаан, улбар шар, бүдэг ногоон, саарал, цасан цагаан гэсэн таван өнгө бүхий байгаль орчинд ээлтэй энэхүү машиныг “Ниссан” төв дээр 16 сая 300 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ. Өнгөний хурц содон шийдэл, загварлаг энэхүү шинэчлэгдсэн загварыг бүсгүйчүүдэд зориулан бүтээсэн ажээ. Та “Ниссан” төвд зочилж, шинэ загваруудтай танилцаарай.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж