АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг угтан зохион байгуулагдаж байгаа ASEP-ийн есдүгээр уулзалт Төрийн ордонд болж байна. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд “Үр дүнтэй олон талт харилцаа хэмтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт хоёр салбар хуралдаан явагдаж байгаа юм.
“Үр дүнтэй олон талт харилцаа хэмтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун удирдаж явууллаа.
Хуралдаанд оролцсон олон улсын төлөөлөгчдийн санал санаачлагыг ASEP-ийн Тунхаглалд нэгтгэх юм. Ингээд ирэх долдугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах учиртай. Хуралдаанд оролцож буй Испани улсын парламентын төлөөлөгч “Бид дэлхийн эдийн засагтай холбоотой үйл явцыг хөндөх ёстой. Сүүлийн үед Испани улс санхүүгийн хүнд бэрхшээлийг туулж байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах олон чиглэлээр анхаарал хандуулах шаардлагатай болов уу. Ингэснээр олон сая хүнийг эдийн засгийн хүндрэлээс аврах гарц болно. Манай улс банкны системд тулгуурласан арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалтгүй байгаа юм” гэлээ.
БНХАУ-ын парламентын төлөөлөгч “Манай улсын далай тэнгис хилийн орчмоор асуудал тулгарч байна. Тодруулбал зүүн хэсгээр зарим улс орны иргэд хил нэвтрэн орж далай тэнгисийн аюулгүй байдалд халдсан. Энэ асуудлыг шийдэх нь манай улсын асуудал ч гэлээ бусад улс орнууд нэгдэж хамтын хүчээр шийдвэрлэх нь илүү үр дүнтэй. Бид бол өөрсдийн тусгаар тогтнол аюулгүй байдлыг хатуу хамгаална. Далай тэнгисээр зөвшөөрөлгүй хил нэвтэрч аюулгүй байдалд заналхийлэх гэсэн оролдлогод бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулна гэж найдаж байна” гэсэн юм.