100 Асуулт -100 Хариулт” нэвтрүүлгийн хэсгээс: Б.Саранчимэг
Аливаа нэг нэвтрүүлэг зорилготой, зорилттой байдаг. Бидний энэ нэвтрүүлэг маань урьж оролцуулж буй хүнийгээ хувь хүн талаас нь гаргаж ирэхийг хичээдэг билээ.
–Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Миний аав, ээж Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын хүмүүс, дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд. Ханийг минь Мөнхбаатар гэдэг, холбооны инженер мэргэжилтэй. Новосибиркт суралцаж байхдаа танилцсан. 26 жил болж байна, хоёр сайхан хүүтэй. Удам судраа яривал өвөө минь мундаг лам хүн байсан. Тухайн үед шашин хориотой нууц байсан ч өвөөгийнд олон хүн ирдэг байлаа. Өвөө эмээтэйгээ их ойрхон өссөн. Өвөөгөө үргэлж дагаж, тусалж явдаг байсан учир өөрийн сүсэг биширлээр итгэж өссөн.
–Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хэлэх дуртай үг?
-Санаа зөв бол Заяа зөв. Үргэлж бодож, амьдралынхаа мөрдлөг болгохыг хичээдэг.
–Багадаа хүсэж, мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
-Аав минь эдийн засагч мэргэжилтэй байсан. Аав шигээ мундаг эдийн засагч болно гэж боддог байв. Сургуульд байхдаа жил болгон тооны аварга болдог байлаа. Математикт их дуртай байв. Тэр утгаараа математикч болно гэж боддог байлаа.
–Таны одоогийн мэргэжлийг сонгоход эцэг, эхийн оролцоо хэр байсан бэ?
–10-р ангиа төгсөөд сургуулийн хувиараа авах гээд хүлээж байсан маань саяхан санагдаж байна. Тэр үед манай Дундговьд ганц арван жил байсан. 300 гаруй хүүхдүүд төгсөж байлаа. Алтан медальтай хүүхдүүдийг сурлагаар нь жагсаахад 1-т жагсаж, хамгийн анхны хувиар сонгож байсан. Тэр үед аав минь ирчихсэн надтай зөвлөх гээд хувиаруудыг тэмдэглэчихээд хүлээж байж билээ. Тэгээд Удирдлагын автоматжуулалтын инженер гэдэг мэргэжил миний охинд тохирох юм байна, ирээдүйд энэ мэргэжил хэрэгтэй, компьютертай ойрхон байх хэрэгтэй гэж зөвлөлдөж байсан. Тэрний дагуу судалж үзээд яах аргагүй математиктай ойрхон гэдгээр энэ мэргэжлийг сонгож Новосибирск хотын Цахилгаан Техникийн Их Сургуульд элссэн.
–Тэр жил танай ангиас хэдэн хүүхэд алтан медальтай төгсөж байсан бэ?
-Хоёр. Хэдий алтан медальтай ч гэсэн шалгалтаа өгч хувиараа авдаг байсан. Миний дараагийн төгсөлтөөс хойш алтан медальтай төгссөн л бол шууд хувиараа авдаг боломж нээгдсэн.
–Та ямар зан чанартай хүн бэ, өөрийгөө ганц үгээр хэлвэл?
-Яг тийм зан чанартай хүн гэж өөрийгөө хэлэх хэцүү л юм. Гэхдээ найз нөхөд маань “ИТГЭЖ БОЛОХ ХҮН” гэдэг юм.
–Дуртай спорт тань юу вэ?
–Шатарт их дуртай. Ер нь 10 жилдээ нийгмийн идэвхитэй, спортод дуртай хүүхэд байсан. Хөнгөн атлетикаар 60 метрийн гүйлтийн аварга болж байв. Сагсан бөмбөг их тоглоно. 5-р ангидаа бид нар ахлах ангийн хүүхдүүдээ хожоод сургуулийн аварга болж байлаа. Тэр жилдээ сургуулийн шилдэг сурагч болсон. Шатрын хувьд бүр багаасаа тоглодог байсан. Манай хашаанд айлын өвөө нар их шатар тоглоно. Зургаадугаар сарын 1-ний шатрын тэмцээнд орж түрүүлээд, шагналаараа банкиа печень аваад дүү нартайгаа хувааж иддэг байлаа. Том болоод шатрын мастер болсон. Эргээд харахад бага насанд минь шатар надад олон найз нөхөд, сайхан дурсамжууд үлдээсэн байдаг.
–Та согтууруулах ундааг юу гэж боддог вэ?
-Монголчууд идээний дээж гэдэг. Оргилуун дарсгүй шинэ жил, нэрмэл архигүй Цагаан сарыг төсөөлдөггүй. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой.
–Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ. Хэр их шүүмжлүүлж байна?
-Шүүмжлүүлнээ, шүүмжлүүлнэ. Бодит гэж бодсон зүйлийг тухайн үед нь засахыг эрмэлзэж, засч чаддаг гэж боддог.
–Шүүмжлэл гэснээс жилийн жилд цэцэрлэгт хүрээлэнд мод тарьдаг. Хүн болгон очоод хэдэн арван мод тарьлаа гээд л хүрз, жоотуу бариад л бүгдээрээ зургаа авахуулаад дуусдаг. Тарьж орхичихоод арчилдаггүй юм шиг санагддаг?
-Мод тарина гэдэг нэг асуудал, стандартын дагуу тариад ургуулна гэдэг бас нэг асуудал. Одоо бол мод тарих гэхээсээ тарьсан модоо арчилж ургуулах хэрэгтэй. Ер нь мод тарьж, ургуулна гэдэг хүүхэд өсгөхтэй адил арчилгаа тордолгоо шаарддаг ажил. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг анх мод ургахад хэцүү нөхцөлтэй, шарилжаар дүүрсэн талбайтай гэж үзэж байсан бол өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна. Энэ бол уйгагүй арчилгаа тордолгооны үр дүн юм.
-Нэгэнт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн гэж ярьсан болохоор нэг зүйлийг таниас тодруулъя. Ер Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг байгуулах шийдвэр яг хэдийд гарсан юм бэ. Нарны замаас урагшаа зам байгаагүй санагддаг?
-2009 оны НИТХ-р анх шийдвэр гарч байсан. Би тэр үед төлөөлөгч байсан. Баянмонгол хорооллоос урагшаа хоосон талбай байсан. Ундны усны эх үүсвэр дээр байрладаг газар. Анх шийдвэр гарч байхад олон хүн ээлжит нэг шоу, бүтэхгүй төсөл гэж их шүүмжилж байв. Аливаа зүйлд сайн төлөвлөлт хамгийн чухал. Энэ утгаараа хамгийн түрүүнд ТЭЗҮ болон хөрсний судалгааг хийлгэсэн. Ганцхан жишээ дурдахад, Америкийн "NEW YORK CENTRAL PARK"-ийн анхны мастер төлөвлөгөө 100 гаруй жилийн өмнө батлагдаж байсан. Тэр төлөвлөгөө нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй байгаа. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг байгуулах гэж байхад хөрс нь маш муу юм байна гэж Батхишиг тэргүүтэй судлаач нар анхааруулж байлаа. Гэхдээ сэтгэл байвал бүтээж болдогийн жишээг харуулсан даа. Өнгөрсөн жил нэг төрийн бус байгууллага судалгаа гаргасан. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зуны улиралд өдөрт 10,000 гаруй хүн ирдэг гэсэн. Энэ бол хүрээлэнгийн төлөө сэтгэл зүтгэл гаргасан хүмүүсийн ажлын үр дүн юм.
-Хүний хувь тавилангийн тухай юу гэж боддог вэ?
-Миний өдий зэрэгтэй явж байгаа нь өвөг дээдэс, аавын ээжийн буян заяа түшиж байгаагийнх гэж боддог. хүн ямар үр тарина түүнийгээ хураадаг гэдэг.
-Та яг юугаараа бусдыг өөртөө татдаг вэ?
-Би байгаагаараа л байдаг. Бодол, үг, үйлдлээ ижил байлгахыг хичээдэг. Энэ магадгүй бусдад илүү хүрдэг юм болов уу.
-Хэдтэйдээ өөрийн "би" хүнээ мэдэрч эхэлсэн бэ?
-Би гэхээсээ бид гэж ярихыг эрхэмлэдэг. Гэхдээ 5-р ангидаа 10-р ангийн хүүхдийн бодлого бодож өгсөн. Тэр үед өөрөөрөө “би ямар мундаг юм бэ” гэж их бахархаж байсан. (инээв)
-Амжилт гэж таныхаар юу вэ?
-Өрнийнхөн амжилт гэдэг бол тэнд хүрэх цэгийг, дорнынхон бол амжилтанд хүрэх үйл явцыг хэлдэг. Сүүлийн үед шинжлэх ухааны үндэслэлээр амжилтыг их олон янзаар дүгнэж байна. Миний хувьд зорилгодоо хүрэх, санаснаа биелүүлэх бол амжилт.
-Тантай уулзаж учирч байсан хүмүүсээс хамгийн сайхан хүн нь хэн бэ?
-Ханьтайгаа хамт хөгжим сонсох дуртай. Хадам аав минь хөгжмийн зохиолч. Анх “Цагаан суварга” гэдэг бүтээлийг сонсоод биширч байв. Түүнээс хойш Жанцанноров гэдэг хүнтэй танилцах юмсан. Ямар агуу, ямар мундаг хүн бэ гэж бодож байсан. Дараа нь бас танилцаад үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа.
-Хайртай, уучлаарай, салья гэдэг үгийн алийг нь хэлэхэд хэцүү байдаг вэ?
-Хайртай, уучлаарай гэдэг үгийг энэ амьдралд хэлж байх ёстой гэж боддог. Харин салья гэдэг үг бол хамгийн хэцүү нь. Ер амьдралдаа салья гэж хэлж үзээгүй.
-Монголын энэ олон баяруудаас хамгийн сайхан нь ямар баяр вэ?
-Дэлхий даяаршиж буй энэ үед бид Монгол үндэсний өв уламжлалаа хадгалсан баяруудыг тэмдэглэх ёстой гэж боддог. Цагаан сар, Наадамд дуртай. Наадам болохоор аавыгаа санадаг юм. Аав минь багадаа хурдны морь унадаг байсан гэдэг. Тэгээд ч тэр үү морин уралдаан эхлэхээр нулимс өөрийн эрхгүй асгардаг байж билээ. Сүүлд Наранхүүгийн маань шарга морь түрүүлээд л магнай хагартал баярлаж байсан мөчийг мартдаггүй. Цагаан сар бол үнэхээр гайхалтай, ураг саданг учруулдаг баяр.
-Аав ээжийн тань хэлж байсан сургаалиудаас хамгийн сайхан нь ямар сургааль вэ?
-Аав ээж минь хэлж ярихаас илүү зөв үлгэр дууриал болсон хүмүүс байсан. Би хувьдаа хүнд ер нь ингэ, тэг гэж хэлэхээсээ илүү үлгэрлэх ёстой гэж боддог. Багад манайх гэдэг айл өглөөнөөс орой хүртэл ажил бужигнаж байдагсан. Эцэг, эх маань биднийг “хөдөлмөрлө, аливаад чинь сэтгэлээсээ ханд, ажил эхэлсэн бол заавал дуусга” гэдэгсэн.
-Та хэр ачлалтай охин бэ?
-Айлын том охин маш хариуцлагатай байхгүй бол болохгүй. Гэртээ бол бараг хоёрдах ээж нь. Аав ээж минь надад урам өгдөг. Онц сурч байснаа бага ч гэсэн ачлал гэж боддог. Гэхдээ мэдээж хүн аав ээжийнхээ ачийг яаж хариулж гүйцэхэв. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ажлаа өгөхийн өмнөхөн хоёр ээжийгээ аваачиж мод тариулсан юм. Тэр үед ээж минь “Миний охин ачлалтай охин шүү. Тэгээд бас түмэндээ ачлалтай энэ сайхан бүтээн байгуулалтыг бас удирдаж хийсэн. Ээж нь охиноороо бахархаж байна” гээд нулимсаа дуслуулаад ярьж байсан.
-Дэлхийн ирээдүйн хөгжил ямар байх юм бол. Та яаж харж байна?
-19-р зууны үед дэлхийн улс орнууд эдийн засгаа хэт шүтээд байгаль экологи, хүн нийгэм гэсэн асуудлыг орхигдуулсан байдаг. Эдийн засгаас олсон ашгаараа байгаль экологио сэргээх гэхээр олсон зардлаасаа илүүг гаргаж байна. Тэгээд энэ бол алдаа юм, байгальдаа, хүндээ ээлтэйгээр хөгжье гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.
Илүү ногоон болцгооё. Байгаль дэлхий өөрөө амьтай. Байгалийн тэнцвэр алдагдаж байна. Цунами, хар салхи, цөлжилт бол тэнцвэр алдагдсны илрэл. Өнөөдөр дэлхийн хөгжлийг эдийн засаг, байгаль экологи, нийгмийн тэнцвэрээр харж эхэллээ. Хүн гэдэг амьтан ч ялгаагүй. Гэр бүл, карьер, дээрээс нь эрүүл мэндээ зохицуулж байж амьдрал оршино. Хэт хөрөнгөний хойноос хөөцөлдөөд эрүүл мэндээ, хэтэрхий их ажилласны гайгаар гэр бүлээ алдаж байна. Тэгэхээр бүхий л балансыг хангаж байж улс орон илүү хөгжинө.
-Таны хамгийн дургүй үг?
-Би өөдрөг хүн. Энэ ч утгаараа гутранги зүйлд дургүй.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Ард иргэд маань шударгаар хөдөлмөрлөөд түүнийхээ үр дүнг хангалттай амсаж чаддаг. Авсан цалингаараа амьдралынхаа хэрэгцээг хангаж чаддаг нийгмийг цогцлоохыг мөрөөдөж байна даа.
-Бидний амьдарч байгаа нийгэмд болохгүй зүйл их байна. Бид яг юунаас эхлэх ёстой юм болоо?
– Арван жилээ төгсөөд Орост очсоноос эхлээд цөөнгүй улсаар явжээ. Очиж үзсэн улс бүрээсээ үүнийг нь эх орондоо хэрэгжүүлэх юмсан гэсэн зүйлийг тээж явна. Сүүлийн жилүүдэд экологийн асуудалд анхаарч, бага ч гэсэн өөрчлөлт хийх гэж хичээн ажиллалаа. Үүнээс гадна нийгмийн даатгалын асуудлыг судалж байна. Өнөөдөр хүмүүс шударгаар хөдөлмөрлөөд цалингийнхаа багагүй хувийг даатгалын санд өгч байна. Гэтэл тэр сангийн хөрөнгө хаана очиж байна гэдэг асуудал болоод байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгө байх ёстой газраа байхгүй алга. Дээр нь төр даатгалын санд 390 тэрбумын өртэй байна. Энэ тогтолцоог өөрчлөх цаг нь болосон. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг нэриийн данс дээр банкинд байршуулдаг хувилбарыг бид олон жил ярьсан. Гэвч ажил хэрэг болоогүй л байна. Үүнийг ажил болгох хэрэгтэй байгаа юм.
Өнөөдөр экологийн доройтлоос болоод иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн маань амь насанд аюул учрах боллоо. Эмэгтэй хүнийхээ хувьд үүнийг илүү эмзэг хүлээж авдаг байх. Цаашдын ажил үйлсээ байгаль, дэлхийгээ хамгаалах үйлсэд зориулна гэж бодож явдаг.