“Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүний жагсаалтыг нийтлэв. Чансааны жагсаалтад хоёр том гүрэн болох ОХУ, АНУ-ын тэргүүн Владимир Путин, Барак Обама нараас гадна Facebook-ийн Марк Цукерберг, энэ жил анхны “Оскар”-аа хүртсэн жүжигчин Леонардо Ди Каприо, дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг хөнгөн атлетикч Усейн Болт нар багтлаа.
Жагсаалт “Анхдагчид”, “Титанууд” (“Аваргууд”), “Жүжигчид”, “Удирдагчид”, “Шүтээнүүд” гэсэн таван ангиллаас бүрджээ. Анхдагчдад сэтгүүлийн редакторууд жүжигчин, рэпчин Лин-Мануэль Миранда, АНУ-ын инээдмийн жүжигчин Азиз Ансари, курдын хөдөлгөөний идэвхтэн эмэгтэй Надя Мурад нар оржээ. Аваргуудын тоонд ОХУ-ын бизнесмен Юрий Мильнер, Ромын хамба лам Франциск, Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг, түүний эхнэр ПрисциллаЧан нар оров. Жүжигчдээс Болливудын жүжигчин эмэгтэй Приянка Чопра, Италийн зохиолч эмэгтэй Елена Ферранте, жүжигчин-дуучин Оскар Айзек нар байна.
Удирдагчдын жагсаалт хамгийн урт нь бөгөөд тэнд төрийн эрхийг удаан барьж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нараас гадна Техасын Их сургуулийн захирал Диана Наталисио нар байгтжээ. Шүтээн ангилалд хөнгөн атлетикч Усейн Болт, жүжигчин Леонардо Ди Каприо, Нобелийн шагналтан хятад эмч Ту Юю нар оржээ.
“Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний анхны жагсаалтыг 1999 онд гаргасан бөгөөд 2004 оноос хойш тогтмолжжээ. Жагсаалтад нэр дэвшигчдийг АНУ-ын сэтгүүлчид болон улстөрчид сонгон шалгаруулдаг.
Таван ангиллын нэг нь болох “Эрдэмтэд болон сэтгэгчид” (Scientists & Thinkers) гэсэн ангиллыг энэ жил “Анхдагчид” (Pioneers) болгон өөрчилжээ.
Барак Обама ба телевизийн хөтлөгч Опра Уинфри нар жагсаалтад ес дэх удаагаа, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон найм дахь удаагаа, Германы канцлер Ангела Меркель долоо дахь удаагаа тус тус бичигдэж байна. Энэ жилийн жагсаалтад Уинфригаас бусад нь байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР