Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтаар гаргасан иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн Цэц өнөөдөр 9.30 цагаас авч хэлэлцэнэ.
Иргэд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүссэн юм.
Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн авч ийнхүү маргааныг хянан шийдвэрлэх болсон юм. Энэ асуудлаар УИХ-аас Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нарыг Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон.
Хэрвээ иргэдийн гомдлыг хүлээн авч Сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ирэх зургадугаар сарын 29-нд товлогдсон УИХ-ын ээлжит сонгууль ямар системээр явагдах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэх юм.
А.ШАРАВ