Монголын бизнесийн зөвлөлийн /МБЗ/ анхдугаар чуулган өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд Blue Sky зочид буудалд боллоо.
Энэхүү чуулган нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдүүлэхэд оршдог аж. Одоогоор 370 гаруй салбарын мэргэжилтэн МБЗ-ийн ажлын хэсгүүдэд харьяалагдаж байна.
Чуулганыг нээж “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үг хэлсэн бол үргэлжлүүлэн МБЗ-ийн Гүйцэтгэх захирал Жим Двайер удирдан явууллаа.
Чуулган олон улсын санхүү, уул уурхайн салбарт техник тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, эдийн засгийн уналтын үеийн бизнесийн стратеги, хөрөнгийн зх зээлийн шинэ бизнесийн чиг хандлага, Улаанбаатар хотын төсөл, сонгууль гэсэн салбар хуралдаанаар үргэлжиллээ.
Ийнхүү бүтэн өдрийн турш болсон арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид өөр өөрсдийн дүгнэлтээ танилцуулсан юм. Тэдний дүгнэлтийг нэгтгэж Засгийн газарт илгээлт хэлбэрээр хүргүүлэх аж. .
Тэдний хэлсэн дүгнэлтээс сийрүүлэн хүргэвэл:
Үндэсний стратегийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Камерон Макрей “Сүүлийн дөрвөн жилийн турш Монголын улс төрд сонин содон үйл явдал өрнөлөө. Гайхалтай гэж нэрлэгдэж байсан Засгийн газар огцорлоо. Зарим том төсөл зогсож, зарим нь урагшилж эхэллээ. Дараагийн Засгийн газар бол энэ туршлагаас суралцаж, авах гээхийн ухаанаар Монгол Улсыг удирдана гэж найдаж байна”
Худалдаа Хөгжлийн банкны ХХБ Ерөнхийлөгч Рандолф Коппа “Монголын Засгийн газар бизнес эрхлэгчдийн үгийг сонсдог байх нь чухал. Учир нь, бизнесийн салбар бол бүхий л салбартай холбоотой. Компаниудын нийгмийн асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх нь чухал. Түүнчлэн зөвхөн уул уурхайн салбарт түшиглэж эдийн засгаа хөгжүүлэхгүйгээр хөдөө аж ахуй, цемент шоохойн үйлдвэрийг дэмжих нь чухал. Эцэст нь хэлэхэд Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Хэт удаж байгаагаас болж нүүрсний өрсөлдөх чадвар буурч байна” гэсэн юм.