Даргадаа дуртай хүн бараг байдаггүй. Мэдээж дарга болгон өөр өөрийн зан ааштай. Зарим үед даргыгаа тэвчин өнгөрүүлэх боломжгүй юм шиг санагдах үе ч бий. Муу даргатай хүн үргэлж таагүй мэдрэмжтэй явахаас гадна, үүнээс шалтгаалж та өвдөж ч магадгүй. Муу даргыг хэрхэн тодорхойлох вэ? Дараах долоон шинж танай босст байвал муу босс гэсэн үг. Ийм даргаас эртхэн салж зам мөрөө хөөх нь танд өлзийтэй.
1. Биелшгүй шаардлага, нөхцөл тавьдаг
Дарга чинь танаас биелүүлэх боломжгүй зүйлийг шаарддаг уу? Таныг ямагт робот шиг санаж, тавьж байгаа шаардлагаа огт сулруулдаггүй юу? Хэрэв тийм бол нөхцөл байдлыг ойлгодоггүй муу даргатай учирсан гэсэн үг. Хүн болгон цаг үргэлж хамгийн сайн гүйцэтгэл “дээрээ” байна гэж байхгүй. Энэ бол боломжгүй гэдгийг сайн дарга ойлгож хүлээж авдаг. Хүсэл нь хангагддаггүй даргаас болж та өөрийнхөө тухай муу бодолтой болж, өөрийгөө үнэлэхээ больж, хэчнээн сайн ажилласан ч гэсэн ажлын үр бүтээмж буурдаг.
2. Үргэлж даргын зөв
Хэрвээ таны дарга үргэлж өөрийнхөө зөв гэдгээ нотлохыг оролддог бол дарга чинь амьдралдаа ч, бизнесдээ ч амжилт олохгүй хүн гэдгийг ойлгоорой. Нэн ялангуяа ийм хүний дор удирдуулж байгаа хүмүүсийн хувьд маш хорлонтой. Яагаад гэвэл ийм дарга хэзээ ч доод хүмүүсдээ өсөх, дэвших боломж өгдөггүй. Эцсийн эцэст хамтдаа сүйрнэ гэсэн үг. Сайн босс бол алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, засч залруулахын тулд ажилтнуудынхаа зөвлөгөө, дэмжлэгийг авахад бэлэн байдаг. Ингэснээр компани алхам алхмаар зөв зам руу урагшилдаг.
3. Таныг удирдан чиглүүлдэггүй
Ажлынхаа зорилгыг тодорхойлоход дарга чинь удирдан чиглүүлдэггүй, ажлыг яаж гүйцэтгэх талаар танд тусалдаггүй бол муу дарга. Та хаана байгаагаа мэдэхгүй, дарга чинь тантай ажлын талаар ярьж зөвлөдөггүй бол та байнга л бүтэлгүйтэж, улмаар таны карьер ахихгүй. Та ганцаараа ажлаа яаж хийх талаар бодон гүйцэтгэж болох ч эргээд харахад ямар нэг алдаа гарсан байх болно. Ийм байдал нь танд мэргэжлийн хувьд ахих боломжийг олгохгүй.
4. Босс чинь шинэ санаанаас айдаг
Та даргадаа ямар нэг шинэ санаа хэлэхэд тэр хэрхэн хүлээж авдаг вэ? Таны санааг эхнээс нь дуустал сонсдог уу, эсвэл яриаг таслан бид үүнийг хийсээр ирсэн гэж хэлдэг үү? Муу дарга нар ямар нэг шинэлэг зүйлээс айж, хуучны явж ирсэн замаараа л замнахыг хүсдэг. Ажилтнууд нь хийсэн зүйлээ хийгээд л байж байхыг тэд хүсдэг. Хэрэв урагшилъя, өсөж дэвжье гэж бодож байгаа бол өөрчлөлт, шинэлэг зүйлс зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа орчин цагийн технологийн дэвшлүүд бараг бүх компанийн явж ирсэн замналыг өөрчилж, энэ шинэ байдалтай дасан зохицохоос өөр аргагүй болгож байна.
5. Өнөөдөр нэг зүйл, маргааш тэс өөр зүйл ярьдаг
Дарга чинь ямар нэг зүйл амлаад тэрийгээ биелүүлдэггүй юу? Ингэж амлалтаа биелүүлэхгүй байх нь дарга чинь хийх ёстой ажлаа мартсан юм сэтгэгдэл танд төрүүлдэг үү? Удирдах хүний ийм байдал ажилтнуудад нь тэднийг тоохгүй байгаа мэт, ажилтнуудаас нь илүү үнэтэй зүйл түүнд байна гэсэн эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Ийм байдал нь ажилтнууд даргадаа итгэл итгэлгүй болгодог. Ийм барьцгүй даргатай ажилтан хэзээ нэг өдөр намайг гудамжинд гаргана гэсэн бодолтой болдог.
6. Дарга чинь хүн сонсдоггүй
Ажил хийх явцад ямар ч бэрхшээл, асуудал гарч болно. Ийм үед дарга чинь тэр бүхнийг сонсоно гэсэн итгэл ажилтнуудад байх ёстой. Энэ нь шинээр суулгасан компьютерийн програмтай холбоотой байж ч болно, эсвэл таны ажил үүрэгт хамаарахгүй даалгаврыг хэн нэгэн өгсөнийг даргадаа дуулгахыг хүссэн ч байж болно. Ямар ч асуудлаар хандсан бай, босс чинь сэтгэл гарган сонсохгүй бол танд хад мөргөсөн мэт санагдана. Хэн нэгний тусалцаа, дэмжлэгийг авахгүйгээр цаашид ажлаа хийх боломжгүй үед дарга чинь энэ тухай сонсохгүй байгаа бол та буруу газраа байна гэсэн үг.
7. Босс чинь ааш муутай
Ааш муутай дарга гэдэг бол том асуудал. Харилцахад төвөгтэй даргад ажилтнууд нь зовлонгоо битгий хэл ярих ёстой асуудлаа ч ярьж чаддаггүй. Ийм үед ажилтнууд юуг, яаж хийхээ мэдэхээ больж, яваандаа буруу хийж загнуулж байснаас ер нь юу ч хийхгүй байсан нь дээр гэсэн бодолтой болдог. Ийм харьцааны эцэст гарсан алдаа нь удирдлагын зүгээс толорхой заавар өгөөгүйгээс болсон байхад босс тань хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та эртхэн өөр ажил хайсан нь дээр.
Бэлтгэсэн А.ШАРАВ