… Нэг тоглолтын бэлтгэл дээр Эрдэнэбаатар найруулагч “Өнөөдөртөө бичлэг тавьчихъя” гэж залхуурсан хөгжимчнийг “Дуучид ам барина, хөгжимчид гар барина, тэгэхээр бүжигчид хөл барих болж байна уу!” гэж зэмлэж билээ. Юу гэснийг нь эрхэм уншигч та ойлгосон биз ээ. Ийм битүү утгатай үгийг егөөдөл хэлц үг гэнэ. Энэ мэтээр төрсөн хэлц үгийн цаад утга цагийн салхинд бүдгэрч, төөрч будилуулах нь энүүхэнд. Хэлц үг хэрхэн түүх, уламжлал, соёл агуулдгийг хэдэн жишээгээр тайлбарлая.
“Аальгүйгээс хамаргүй нь дээр” гэдэг нь 18-аас 19 дүгээр зуунд манжуудын Монголд бодлогоор оруулж ирсэн гэх хамар нь унадаг тэмбүү хэмээх өнгөний өвчнөөс үүсэлтэй. “Ам барих ач хүү” гэдэг нь бүүр эрт наян таваас дээш насалсан хөгшдийг нүүдлийн ая даахгүй боллоо гэж “ачаа хөнгөлөх” зорилгоор ачаар нь ам руу нь том уураг сүүл хийлгээд, араас нь шаант чөмөгний шагайтай үзүүрээр түлхүүлэн “бурхан болгодог” түүхтэй холбоотой. Өөхөнд хахаж, өөд болсон настны ангайсан амыг аанай нөгөө ач барьж хамхидаг аймаар нэг ёсноос улбаатай. Өнөө цагт эвгүй санагдавч тэр үед ам барих ач хүүгүй бол энэ хорвоогоос салалгүй адлагдаж, хээр хоцорч, адгуусны хоол болно гэж их айдаг байжээ. Уг сурвалжийг нь мэдэхгүй ч утгыг нь алдуулалгүй хэрэглэдэг энэ мэт хэлц үгс бий.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Сүүлийн тэмээний ачаа биш, хүндлэл нь жин дардаг” өгүүллийн хэсгээс