Энэ оны эхний улирлын байдлаар манай хоёр хөрш болох ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 14,1 тэрбум ам.доллар /91,77 тэрбум юань/ хүрч өслөө. Хятад улс ОХУ-аас түүхий газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, бусад ашигт малтмал худалдан авч оронд нь ОХУ руу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тэр дундаа цахилгаан бараа голчон экспортолж байна.
БНХАУ-ын Гаалийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2015 онтой харьцуулахад хоёр орны худалдааны эргэлт 3,6 хувь өссөн байна. Гаалийн хорооны төлөөлөгч Хуан Сунпин-ий ОХУ-ын РИА Новости агентлагт өгсөн мэдээгээр Хятадын ОХУ руу хийх экспорт 6,2 хувь өсч 45,91 тэрбум юань буюу 7,06 тэрбум ам.доллар болжээ. Харин Хятад улс ОХУ-аас авсан импорт 1,1 хувь өсч 45,86 тэрбум юань буюу 7,05 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Өнгөрсөн 2015 оны дүн мэдээгээр хоёр орны худалдаа эргэлт 28,6 хувь буурч 68,06 тэрбум ам.доллар байжээ. Өнгөрсөн онд Хятадын ОХУ руу хийх экспорт 35,2 хувь /34,82 тэрбум ам.доллар/, импорт 20 хувь /33,26 тэрбум ам.доллар/ тус тус буурсан юм.
А.ШАРАВ