МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд МЭнхсайхантай ярилцлаа.
-Та нүүр номын хуудаснаа Х.Баттулга намайг таньдаг болж гэсэн байсан. Таныг өмнө нь таньдаггүй байсан гэж үү?
-“МТЗ” компаниас намайг гэнэт халсаныг хүмүүс санаж байгаа байх. Төмөр замын талаар асар буруу бодлого явуулж их цаг, их хөрөнгө мөнгө үрэн таран хийлээ гэдгийг хэлснээс болсон хэрэг. Тэр үед би Баттулгад “Чамайг Монголоороо тоглуулахгүй” гэж хэлсэн юм. Баттулга надад “Би Энхсайханыг танихгүй” гэж хэлсэн, түүнийгээ сонин хэвлэлд ярилцлага болгон гаргасан. Ер нь Баттулга анхнаасаа төмөр зам барих сонирхолгүй байсан ил, ойлгомжтой байсан шүү дээ. АН-ынхан олж харахгүй байсан болохоос. Цаг хугацаа үнэн, худлыг дэнсэлж байгаа гэж бодож байгаа. Харамсалтай нь, төлөөс нь Монголын эдийн засаг гүн хямрал руу унаж байгаа явдал юм.
-Ингэхэд сонгуулийн дараах эдийн засгийг та юу гэж харж байна?
-Хүндрэл нэг хэсэг үргэлжилнэ. Хоосон горьдлого тээгээд яахав. Биднээс хамаардаг тэнэглэлээ зогсоогоод гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийг цоо шинэ стратегитэй угтах бэлтгэл хийх хэрэгтэй байгаа. Хөрөнгө мөнгө хомсдож, хумигдаж байгаа тул сагсуу, үрэлгэн байдал дарагдах байх. Харин монголчуудын бие биенээ гэсэн сайхан сэтгэл газар авах байх. Хямралыг эмчилгээ гэж бодчихвол түүний ард бид гарна. Монгол эрүүл болно оо.
-Монголын улс төр амсхийх завгүй байна. Өнгөрсөн өдрүүдэд гэхэд л парламентад суудалтай намууд удирдах байгууллагынхаа хурлыг хийж, бүгдээрээ сонгуулийн мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаа. Танай нам ч хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө баталсан гэсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө цаг хугацаанд нь багтааж, аудитын газар өгсөн биз дээ?
-Сонгуулийн шинэ хуулиар улс төрийн намууд Сонгуулийн хөтөлбөртөө аудитын санал авдаг болсон. Энэ нь урд өмнөх сонгуульд хэмжээ хязгааргүй мөнгөний амлалт хийдэг байсантай холбоотой, дахин, дахин ийм алдаа гаргуулахгүй байх зорилготой юм. 2008 оны сонгуульд АН иргэн бүрт нэг сая төгрөг, МАН 1,5 сая төгрөг амлаж байсныг монголчууд сайн санаж байгаа байх. Сонгуулийн дараа амлалтаа биелүүлэх гээд хамаг мөнгөө тарааж, дээр нь Чалкогоос зээл аваад тарааж байсан нь өнөөдөр өр болон хувирчихаад байна. “ДНБ-ийхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг сонгуулийн амлалт болгон зарлаж байсан орон бий” гээд гадаад орнуудын улс төрийн ухааны хичээлд Монгол муу жишээ болон орчихсон, Оксфорд дээр энэ талаар ярьж байсныг санаж байна. Мөнгө биш бодлого амлах хэрэгтэй байгаа юм. Бид энэ зарчмыг мөрдлөг болгон хямралаас нийгмийн хохирол багатай гарахад чиглэсэн бодлогын үндсийг хэлсэн хөтөлбөрийг Аудитийн байгууллагад хүргүүлсэн байгаа.
-Ингэхэд танай нам мөрийн хөтөлбөртөө юу “амлав”. Эдийн засгийн хямралаас хэрхэн гарах асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаасан уу. Намуудаас хүлээх хүлээлт иргэдийн хувьд энэ л байх шив дээ?
-Манай хөтөлбөр хэмжээ багатай, гэхдээ цар хүрээтэй асуудлыг хөндөхийг оролдсон. Хөтөлбөр манай нийгэм, эдийн засаг, улс төр хямралтай байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлж байгаа. Хямралын доод цэг, ёроол одоохондоо харагдахгүй байна. Ийм нөхцөлд юуны өмнө хямралаас иргэдээ хамгаалах бамбай бий болгох асуудалд анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, өнөөгийн нөхцөлд ажлын байртай байх, цалинтайгаа байх гэдэг нь том асуудал болсон. Иймээс ажлын байраа хадгалж чадаж байгаа аж ахуйн нэг, компаниудад татварын урамшуулал өгөх тогтолцоо бий болгоё гэж байгаа. Баян чинээлэг нь хямралын хүндрэл, ачааллыг илүү үүрэх ёстой гэж үзэж байгаа тул тансаг хэрэглээний барааны татварыг нэмье гэж байгаа. Ядуурлын хэмжээ эрс нэмэгдэх төлөвтэй, бодитойгоор эмзэг бүлгийнхэнд хагас өлсгөлөн нүүрлэхээр байгаа тул найман нэрийн бараагаар хүнсний талон нэвтрүүлье гэсэн саналтай байгаа. Холын Америкт хүнсний талон нэвтрүүлээд тэрхүү талоноор хооллож байгаа хүмүүсийн тоо олон арван саяад хүрсэн төдийгүй янз бүрийн хүнсний купоноос гар утсаараа купон авч хэрэглэдэг хүмүүс эрс өссөн. Урд өмнө тавьсан бүх зээл, бондод аудитын шалгалт оруулья, түүнийг эргэж төлөх хуваарь, хүүний асуудлаар санхүүжүүлсэн банк, түүний дотор ОУВС-тай хэлэлцээ хийж эхэлье гэж байгаа. Өөрөөр явах аргагүй гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн заалтыг хүчингүй болгох, авилгатай тууштай тэмцэх, хууль сахиулах байгууллагыг улам ардчилах чиглэлээр Монголын ардчиллыг гүнгийрүүлэх ёстой гэж бид бодож байгаа. Ардчилал гажигтай хэцүү ч түүнээс гарах арга бол ардчиллыг гүнзгийрүүлэх явдал юм. Энэ мэтчилэн задалж тайлбарлавал манай хөтөлбөр хэтэрхий том болж мэднэ.
-Сонгууль болоход хоёрхон сар үлдээд байна. Гэтэл Сонгуулийн хуулийг өөрчлөх яриа улс төрийн хүрээнээс хүчтэй сонсогдох боллоо. Ингэхэд Сонгуулийн хуулийг өөрчлөх цаг, хугацаа, чадамж өнөөгийн УИХ-д байгаа юу?
-Монголд хүний эрхийг хангах “Үндэсний хөтөлбөр” гэж УИХ-аар баталсан нэгэн баримт бичиг бий. Тэнд “Ээлжит сонгууль болохоос өмнөх өмнөх зургаан сард сонгуулийн хуулийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байгаа. УИХ хэрвээ Сонгуулийн хуульд өөрчлөлт хийх болбол өмнөх гаргасан шийдвэрээ цуцлах хэрэгтэй болно. Ингэх нь сонгогчдын эрхэнд халдсантай агаар нэгэн болно. Асуудлын гол нь сонгогчид хуулиа бүрэн ойлгосон байх хэмжээнд байж хэмээн сонгогчид саналаа өгөх ёстой гэдгээс дээрх заалт бий болсон юм. Эс бөгөөс Сонгуулийн хуульд хоёрхон сарын өмнө өөрчлөлт хийвэл сонгогчдыг төөрөгдүүлсэн хэмээн УИХ-ыг буруутгах үндэс бий болно. Сонгуулийн легитим чанар алдагдана.
-Жижиг намуудыг жийхийн тулд АН, МАН хамтран сонгуулийг мажоритар системээр явуулахаар тохиролцсон гэсэн. Гэтэл гуравдагч намууд яагаад энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ?
-Тийм тохиролцоо байгаа эсэхэд би эргэлзэж байна. Хэрэв энэ үнэн бол тун хэцүү. Ардчилал завхарч байна гэж хэлэхээс өөр үг олдохгүй.
-Үндсэн хуулийн Цэц дээр сонгуулийн пропорциональ системтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэчихсэн байгаа. Хэрэв Цэц холимог системээр сонгуулийг явуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзвэл УИХ хүлээн авахад бэлэн байгаа юм биш үү?
-Пропорциональ оролцуулсан холимог тогтолцоогоор урд өмнө өчнөөн сонгууль явагдсан. Энэ талаар ҮХЦ шийдвэр гаргаж байсан бөгөөд өмнөх шийдвэрүүдээсээ гэнэт буцахгүй байлгүй дээ.
-Холимог системээс мажоритар систем рүү буцаад орох нь ухралт хийж байгаа явдал мөн үү. Мажоритар системээр сонгуулийг явуулах нь улс оронд ч, намуудад ч ашиггүй баймаар?
-Сонгуулийн хуулийг унах намууд өөрсдөө хийдэг. Ингэвэл манайд ашигтай гээд сонгуулийн хуулийг өөрчилдөг. Тэгээд ухсан нүхэндээ өөрсдөө унаж үр дүн нь эсрэгээр гардаг. Энэ бол Монголын ардчилалд тохиолдсон явдал учир энэ асуудалд санаа зовохгүй байна.
Төр дотроосоо хяналттай, тэнцвэртэй байх ёстой юм. “Check and Balance” гэж хэлбэл сэхээтнүүд илүү ойлгох байх. МАНАН үзэгдэл энэ зарчмыг алдагдуулдагаараа хортой үзэгдэл. МАН болон АН тус тусдаа харилцан хяналт тавьж байвал төр илүү цэвэр болно. Ингэвэл том намуудыг муу хэлэх хэрэггүй болно.
-Хэрэв мажоритар системээр сонгуулийг явууллаа гэхэд Монголын төрийг МАНАН дахиад л “зайдагнах” вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна?
-Төр дотроосоо хяналттай, тэнцвэртэй байх ёстой юм. “Check and Balance” гэж хэлбэл сэхээтнүүд илүү ойлгох байх. МАНАН үзэгдэл энэ зарчмыг алдагдуулдагаараа хортой үзэгдэл. МАН болон АН тус тусдаа харилцан хяналт тавьж байвал төр илүү цэвэр болно. Ингэвэл том намуудыг муу хэлэх хэрэггүй болно.
-Танай МҮАН-аас ИЗНН-д эвсэх санал хүргүүлсэн. ИЗНН-аас хариу өгсөн үү?
-Маш найрсгаар эвсэлдэх бололцоогүй байна гэдгээ бидэнд ойлгуулж байгаа. Бид ч бэрхшээлийг нь ойлгож байгаа.
-Ер нь энэ удаагийн сонгуульд “Их эвсэл” байгуулъя гэсэн уриалга МҮАН-аас гаргасан шүү дээ. Танай энэ уриалгыг намууд хэр хүлээж авч байна?
-Үзэл бодол, итгэл үнэмшил, хөрөнгө мөнгөний бололцоо хувь хүмүүсийн ааш араншин олон зүйл сүлжилдэж байгаа тул эвсэл байгуулах асуудал хүнд байгаа. Хуулиар олгогдсон цаг дуустал энэ бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө явна аа.
-Танай намаас гарсан Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын /ТТЭНН/ даргаар сонгогдсон байгаа. ТТЭНН-ыг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нам гэж хэлэх хүмүүс ч байна. Нөгөө талаар ТТЭНН-ыг зарим хүн Тавантолгойг эвлэлдэн намнах нам гэж тодорхойлж байна. Ингэхэд та энэ намыг юу гэж харж байна?
-Монголд дахин нэгэн нам жилийн өмнө мэндэлсэн юм байна лээ. Хэн ч мэдээгүй л явж. Яахав байдаг л үзэгдэл. Бидний туулчихсан зам. Хэцүү л байх. Зовлон нэмэгдэнэ үү л гэхээс нимгэрэхгүй нь ойлгомжтой.
-Г.Уянга намаасаа гарсан шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ. Танай намын нэрээр сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан хүн шүү дээ?
-Би намын даргын хувьд УИХ-ын гишүүдийн хувь сонголтод нөлөөлөхийг оролддоггүй. Тусгайлан тайлбар тавиагүй, тавих ч хэрэггүй.