Засгийн сайдууд Р.Чингисийн асуудлаар  маргалджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Засгийн сайдууд Р.Чингисийн асуудлаар  маргалджээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг баруун бүсийн аймгуудад томилолтоор ажиллаж байгаа. Энэ хойгуур Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Ц.Оюунбаатар удирдаж хийсэн байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Эхнийх нь газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх асуудал байсан аж. Ерөнхий сайд явахаасаа өмнө ээлжит бус хурал зарлаж ,энэ асуудлыг яаралтай хийхийг үүрэгдсэн гэнэ. Ээлжит бус чуулганы хуралдаанаар газар тариалангийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх ёстой байжээ. Гэтэл хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтаагүй асуудлыг оруулж ирсэн нь Р.Чингисийг чөлөөлөх Хууль зүйн сайдын шийдвэр.  "Чоно борооноор гэгчээр"  Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулалгүй Засгийн хуралдаанаар шууд  оруулж ирсэн байна.  Тиймээс уг асуудал дээр Засгийн сайдууд хоёр хуваагджээ. Хурлыг Ц.Оюунбаатар даргалсан бөгөөд Ерөнхий сайдыг байхгүй хойгуур Р.Чингисийг ЦЕГ-ын даргаас авч хаяхаар багагүй улайрсан бололтой. Хэдийгээр Д.Дорлигжав сайд "Би Ерөнхий сайдад биечилсэн хүсэлт тавьсан" гэж шийдвэрээр хэвлэлээ цацаж  байгаа боловч энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулаагүй, ЗГХЭГ дээр албан шийдвэр ирээгүй байгаа гэнэ.

МоАХ-ны сайдууд болох Д.Дорлигжав, Р.Бурмаа, МАХН-ын сайдууд болох Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, “Шонхор”-ын С.Эрдэнэ  нар Р.Чингисийг чөлөөлөх саналтай байсан гэнэ. Харин С.Баярцогт, М.Энхсайхан, гээд бусад сайдуудын зүгээс "Ерөнхий сайдуудыг эзгүй хойгуур энэ асуудлыг ярилцах нь түүний эзгүйчилсэн хэрэг болно. Ерөнхий сайд өөрөө ирээд Хууль зүйн сайдаас оруулсан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг шийдэх  нь зөв. Д.Дорлигжав сайд ямар үндэслэлээр Р.Чингисийг чөлөөлөх гээд зүтгээд байгаагаа Ерөнхий сайдад өөрөө тайлбарлах ёстой" гэсэн байна. 

Засгийн газрын сайдууд энэ асуудал дээр удтал маргалдсан бөгөөд эцэст нь, Ерөнхий сайдыг ирсэн  үед энэ асуудлыг ярих ёстой гэсэн М.Энхсайхан болон С.Баярцогт нарыг саналыг хүлээн авсан байна.

 Ийнхүү төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн компаниудыг шалгаж эхэлсэн биш Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг албна тушаал нь авч хаях улс төр өрнөж эхэллээ гэж хардах хүмүүс нийгмийн сүлжээнд олон байна. Р.Чингисийг ЦЕГ-аас чөлөөлөх гэсэн Хууль зүйн сайдын үндэслэл нь "Нийгмийн сэтгэлзүйг сайн ойлгохгүй, байдлыг хурцатгасан байдлаар ажиллаж, хариуцсан яамандаа тухайн үед нь мэдээлэл өгдөггүй" гэх шалтгаан.  Ийм шалтгаанаар ЦЕГ-ын даргыг чөлөөлөх гэсэн Хууль зүйн сайдын хүсэлтийг  Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэж магадгүй байна.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж