“Ээж би ерөөсөө хичээлээ ойлгохоо байлаа. Багш бүр өөр, өөрөөр хичээлээ заадаг учраас ганц би ч биш, манай ангийнхан бүгдээрээ ойлгодоггүй. Яах вэ”. Ийм гомдлыг найман настай сурагч А ээждээ тавьснаас хойш гурван сар өнгөрчээ. Харин ангийн багш нь жирэмсний амралтаа авснаас хойш бүтэн дөрвөн сар өнгөрч, энэ хооронд А-гийн ангийнхан дөрөв, таван багшийн гар дамжсаар өнөөдрийг хүргэсэн ч үндсэн багштай болж чадалгүй, хэзээ багштай болох бол гэж хүлээсээр.
Хүү нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар дунд сургуулийн 3-е ангид сурдаг. Ангийн багш нь 2015 оны арванхоёрдугаар сараас эхэлж ээлжийн амралтаа авсан ч, Сургуулийн захиргаанаас нь бусад ангийн багш нараар хичээл заалгасаар өдийг хүргэсэн байгаа юм.
Сургуулийнхаа гуравдугаар ангийн бүлгүүдээс сурлагын амжилтаар нэг их хоцорч, багш, эцэг, эхийнхээ чихийг халууцуулж байсан удаагүй 3-е ангийнхан харин саяхны шалгалтад бүгдээрээ шахам унажээ. Нэг сурагч онц, таван сурагч сайн, бусад нь тэр чигээрээ муу үнэлгээ авсан байна. Үндсэн багшгүй, багш, багшийн гар дамжсаар ирсэн нь ийн сурлагад нь нөлөөлсөн хэрэг. Гэвч сургуулийн захиргаа цочиж хүлээж авсангүй, 3-е ангийг багштай болгох асуудлыг сургуулийнхаа 40 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлсний дараа шийднэ гэсэн байна.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ шалгалтад муу дүн үзүүлсний дараа сургуулийн захиргаанд хандан асуудлыг анх удаа тавьсан хэрэг биш аж. Үүнээс өмнө хэд, хэдэн удаа хандсан. Тэр бүрийд сургуулийн захирал “Удахгүй шийднэ” гэдэг хариу өгсөөр иржээ. Одоо харин ойн арга хэмжээгээ дуусгасны дараа шийднэ гэж хойшлуулах болсон.
Гэтэл сурагчид сурч мэдсэн зүйл маруухан, хаврын шалгалтад ангиараа үсэрч мэдэхээр болчхоод байдаг.
Хуулиараа бол ангийн багш нь жирэмсний амралт аваад явсан нөхцөлд орлох үндсэн багшийг сургуулийн захиргаа шийдэх ёстой аж. Төсөв мөнгө нь хүнд байгаа юу, эсвэл өөр шалтгаан байсан уу, бүтэн дөрвөн сар болоход шийдээгүй. Энэ хооронд бусад багш нар нь хичээлийг нь зааж иржээ. Харин А-хүүгийн яриагаар бол зарим багш гэртээ хийх даалгаврыг их өгдөг, зарим багш нь бараг даалгавар өгдөггүй аж. Өгсөн даалгавраа шалгадаг багш бараг байдаггүй.
Ийм нэгэн багшаа хүлээсэн 3-е ангийн асуудлыг ойрын хугацаанд шийдэж өгөх боломжтой эсэх талаар Нийслэлийн Боловсролын газарт хандвал албан ёсоор гомдол мэдүүл гэлээ. Гомдол хүлээн авах газартай нь холбогдож учир байдлыг хэлбэл “Ойрын хугацаанд шийдэх боломжгүй. Ямар ч байсан яг ийм зүйл болоод байгаа юм уу гэдгийг ажлын хэсэг гаргуулж нягтлуулна. Хэрвээ худлаа мэдээлэл өгсөн бол хариуцлага ярина шүү” гэх маягтай тайлбар хийлээ. Басхүү хуулийн хугацаагаараа өргөдөл гомдлын асуудлыг сарын дотор багтаан шийддэг” гэсэн хариулт өгсөн юм.
Харин сарын дараа гэхэд багшгүй ангийнхан зуны амралтаа аван тарах тийшээ хандах байх даа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүүхэд нэг бүрийн төлөө ажилладаг боловсролын тогтолцоотой болж байгаагаа зарласнаас хойш хоёр жил өнгөрчээ. Гэтэл хүүхдүүд багшгүй. Багшгүй хүүхдүүд юм сурах уу. 3-е ангийнхан хэзээ багштай болж баярлацгаах юм бол доо.
Г.ХОРОЛ