Урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнхийн “Циркийн урлаг” номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордонд боллоо. Циркийн урлаг Монгол Улсад 75 дахь жилдээ хөгжиж буй энэ үед судалгааны анхны бүтээл гарч байгаа нь энэ юм байна. Зохиогч, судлаач Н.Батмөнх нь 2014 онд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ингээд “Монголын циркийн найруулга зүйн онцлог” сэдэвт диссертациа баяжуулан өдгөө ном болгон, уншигчдын гарт хүргэж байгаа аж.
Монгол циркийн урлагийн тоглолт нь өөрийн өвөрмөц онцлог, шинж чанартай юм байна. Түүгээрээ олон улсын циркийн манежинд үргэлж ялгарч байгааг судлаач бүтээлдээ онцолжээ. Монгол ахуй, үндэсний зан заншил, соёл, хувцас, өнгө будаг, хүндэтгэл, ёсолгоо нь монгол циркийн найруулга зүйн онцлог болохыг олон баримт жишээн дээр тулгуурлан нотолжээ. Энэ бүтээл нь уншигчдад циркийн урлагийн талаар өргөн ойлголт өгөх танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна циркийн судалгаанд зайлшгүй хэрэглэгдэх оюутан судлаачдад гарын авлага болох бүтээл болсон байна.
Гэхдээ “Циркийн урлаг” ном нь худалдаанд гараагүй юм байна. Одоогоор номын сангуудаар уншигчдын хүртээл болж байгаа аж.
Зохиолч Н.Батмөнх нь 1976 онд Москва хотын Цирк-эстрадын дунд сургуулийг циркийн жүжигчний мэргэжлээр, 1988 онд Москва хотын Театрын урлагийн дээд сургуулийг цирк, драмын найруулагчийн мэргэжлээр төгссөнөөс хойш 30 гаруй жил Улсын циркт жүжигчин, найруулагч, дарга, уран сайхны удирдагч, 1998-2004 онд Нарны циркт дасгалжуулагч багш, уран бүтээлийн зөвлөхөөр ажиллажээ.
М.КЕЙТ