Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин-д итгэмжлэх жуух бичгээ 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн барилаа. Ерөнхийлөгч В.Путин 16 орны Бүрэн эрхт элчин сайд нарыг Большой Кремлёвский ордны Александровский танхимд хүлээн авсан бөгөөд элчин сайд нарыг халуун дотноор мэндчилж хэлсэн үгэндээ: “Итгэмжлэн жуух бичиг өргөн барих ёслолоор Та бүхнийг Кремльд хүлээн авахад баяртай байна. Та бүхэн Москвад ажиллах хугацаандаа өөрийн болон ОХУ-ын хоорондын бат бөх харилцааг дэмжиж ажиллана гэдэгт бид итгэж байна. Манай улсын Засгийн газар, яам, агентлаг болон бизнес, нийгмийн байгууллагууд та бүхнийг дэмжиж ажиллахад бэлэн байна. ” Ерөнхийлөгч В.Путин Монгол улстай түншийг харилцааг онцолж: “Орос улс нь Монгол улстай эрт дээр үеэс сайн хөршийн найрсаг харилцаатай билээ. Өнгөрсөн жилээс мөрдөж ирсэн дунд хугацааны стратегийн түншлэл хөтөлбөрийн хэрэгжилт нь манай хоёр орны цаашдын түншлэлийг өргөжүүлэхэд түлхэц болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эхлүүлсэн яриаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр зургадугаар сард Ташкент-д үргэлжлүүлнэ. Орос-Монгол-Хятадын гурван талт уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.”