Монголын кино урлаг өнөөдөр

Хуучирсан мэдээ: 2011.07.02-нд нийтлэгдсэн

Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн чухал нь биш л дээ уг нь. Ер нь урлагийн аль нэгэн төрлийг нөгөөтэй нь сөргөлдүүлэн чухал, чухал биш гэх нь үндсээрээ утгагүй асуудал. Зүгээр л Ильич гуай хийж буй хувьсгалдаа санаа зовоод, түүнийгээ хэрхэн ойлгуулах талаар толгойгоо гашилгаж явсан үеэр нь энэ төрлийн урлаг үүсч эхэлж байсантай давхцаж, үзэл суртлын цоо шинэ, хавьгүй үр дүнтэй, асар ирээдүйтэй, олныг хамарч мэдэх, бас чадах хэрэгсэл болохынхоо хувьд олзлогдсон хэрэг. Нарийндаа бол энэ үг түүний бичмэл архивт огт байхгүй, харин А.В.Луначарский нэг удаа буу халж байхдаа л ийм үг Ленин хэлсэн шахуу юм нэгэн захиандаа дурдсан гэж байгаа. Явсаар энэ үг түүний афоризмуудын нэг болж, бас янз бүрээр гуйвсан байдаг. Энэ бол тусдаа асуудал, тусдаа түүх.Өнөөдөр монголд харин энэ афоризм арай өөрөөр орчуулагдах, ойлгогдох болжээ. Бүх урлагийн бизнесийн дотроос хамгийн чухал нь (өөрөөр хэлбэл хамгийн ашигтай нь) киноны бизнес. Нэг иймэрхүү маягаар.Хүн төрөлхтний түүхэнд асар хүчтэй эргэлтийг авчирсан XX зууны бас нэг бүтээгдэхүүн бол кино юм. Чухам энэ үеэс шинжлэх ухаан, технологийн асар хурдтай дэвшил нь түүхийн нэгэн шинэ эриний хуудсыг нээх суурь болж, үүний нэгэн үр дүн болох кино гэгч урлагийн нэгэн шинэ синкретик төрөл үүссэн нь бусад аль ч урлагийн төрлөөс илүүтэй тархаж, олон нийтийн шинжийг олсон нь бас бусад хүчин зүйлтэй ч холбоотой. (Урлагийн түүхийн аль ч үед төрөл зүйлүүд нэгдэн нийлэх, салан тусгаарлах үйл явц үргэлж явагдаж байдаг нь жам юм.) Энэ бол урлаг, таашаал, зугаа цэнгээн төдийгүй бизнес, үйлдвэрлэл мөн. Бид харин нэлээд хожуу үүнтэй танилцаж зурагтан доторх галт тэрэгнээс нь айж зугтдаг байснаа бодвол байдал арай л өөр болсон байх. Энэ салбарт 1936 онд ах нар киног ингэж хийдэг гэсэн шахуу хичээл заах маягаар “Монгол хүү” кино хийж өгч, түүнд нь академич Ц.Дамдинсүрэн дүр бүтээж, удалгүй сурснаа туршин 1938 онд “Норжмаагийн зам” киног Т.Нацагдоржийн зохиолоор бүтээж үндэс сууриа тавьж асан үеэ бодвол өнөөдөр өдөрт л нэг кино хийсэн дуулдах хэмжээнд хүрчээ, тоон утгаараа. Соц нийгмийн нэгэн ёсны саарал үед Монголын кино чухамхүү соц орнуудын дунд зохиогддог байсан саарал кино наадмуудад л оролцож 1975 онд “Нар хиртсэн жил” (Ж.Бунтар) Москвагийн олон улсын кино наадмаас тусгай шагнал хүртэж байсан билээ. Гэхдээ үүнийг нэг талаар 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг ЗСБНХУ-д болсон олон улсын ажилчин тариачны хувьсгалт театрын их наадамд оролцож II байрын шагнал хүртсэнтэй адилтган үзэж болох юм. Үзэл сурталжсан нийгмийн үзэл сурталжсан наадамд үзэл сурталын дагуу шагнал хүртсэн (өөрөөр хэлбэл хүртээсэн) гэж ойлгож болох талтай. Харин энд киноны түүх, хөгжил, шагнал, технологийн дэвшил ярих бус харин манайд өнөөдөр хэрхэн хөгжиж, энэ урлагийг яаж ойлгож, юу бүтээж, хэрхэн хандаж, дээрх афоризм хэрхэн хувирсан тухайд ярилцаж болох шалтаг сэдэл хэдийнэ бий болжээ.Юуны өмнө энд дээрх Ильич багшийн үгнээс эхлээд ойлголтын зөрүү цөөнгүй байна аа. Зурагт, сонингоор хааяа кино урлагт хамаатай бололтой, эсвэл хамааралтай болох зорилготой зарим нөхөд ярих юм. Ийм киноны нээлт болж байна л гэнэ, тийм тэсрэлт боллоо л гэнэ, ингэж шинэ төвшинд авчирлаа л гэнэ, урьд өмнө байгаагүй л юм гэнэ, дэлхийн төвшинд бараг хүрчихлээ л гэнэ, кино урлагтаа санаа зовж байна л гэнэ, төр мөнгө өгөхгүй байна л гэнэ, хэрэв хуучных шиг мөнгө өгчихвөл кино хийх гайгүй л гэнэ, зах зээл алга л гэнэ, театр ашгийг нь аваад байна л гэнэ, өртөг ихтэй л гэнэ, ер нь л кино хий гээд ард түмэн үүрэг, бурхан тэнгэр даалгавар өгчихсөн, харин яг хийх гэхээр нөхцөл боломжоор олигтой хангаж өгөхгүй байгаа тухай үнэнээсээ гомдоллохыг сонсоо л байлгүй. Ер нь кино (өргөн утгаараа урлаг) хийх үүргийг хэн ч хэнд ч өгдөггүй, хэн ч хэнээс ч хүлээдэггүй, М.Форманаас хүмүүс чи заавал биднийг хүмүүжүүл, танин мэдүүл, цэнгүүл, жаргуул тэгэхдээ киногоор гэж ам өчгийг нь аваагүй л болов уу. Үүнтэй харьцуулахад Н.Михалков, Жан И Мао нарын төр засагтайгаа хийсэн гэрээ бол үүнээс арай өөр асуудал, өөр зарчим.Кинонд хамгийн чухал зүйл нь зохиол гэдэг. Зохиол сайн байж, зохиол ямар нэг хүчтэй санаа өвөрмөц шийдэл агуулж байж сая сайн кино гэсэн яриа гарах боломжтой болдог байна. Ж.Биндэрийн “Алганы хээ” (2000) гэж кино бий. Энд эгэл жирийн эхнэр нөхрийн харьцаа, хүний сэтгэл санааны хүч чадлыг гаргахдаа асуудлыг хялбархнаар шийдсэн байдаг. Зүгээр л шалтгаангүйгээр эмнэлэгт очих хугацаанаас нь хоцроосон нөхрөөсөө болж ч юм уу, хүүхдээ цагт нь төрүүлж чадаагүйгээсээ болж ч юм уу галзуурсан эхнэр, мөн огт шалтгаангүйгээр нэг өглөө л хэвийн болоод амар сайхандаа жаргаад дуусч байх жишээтэй. Иймэрхүү домгийн сэтгэлгээ байдаг, найруулагч харин хангалттай шийдэж чадаагүй нь харагдаж байна. Урлагийн хуулиар төдийгүй анагаах ухаан, сэтгэл судлалын үндсээр хүн галзуурахад тэр тусмаа удалгүй буцаад зүгээр болоход багагүй шалтгаан хэрэгтэй. Яг энэ дэвсгэрээр Данийн найруулагч 2009 онд нэгэн кино хийснийг үзсэн л байх. Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн гэсэн хэн нэгний ухаарлыг энд холбогдуулан задлан ярихад ч боломжтой. Энүүхэндээ шуугиан тарьсан гэж буй З.Батболдын “Боолын гэрээ” (2008) кинонд гундуухан амьдралдаа гутарсан залуу юу ч хийхэд бэлэн болж, найздаа учир утгагүйгээр уурлан, яг энэ агшинд гэмт хэргийн бүлэг ч юм уу ямар нэг үл бүтэх этгээдүүд гарч ирэн, алдаж онож явсаар эцэст нь гэнэт ухаарч байгаа тийм агуулга гардаг. Ийм хялбар шийдэл, хувь заяаны огцом эргэлт, засрал ухаарлын туйлыг аман зохиол цаашилбал 1990 оноос өмнөх урлаг, утга зохиолоос хангалттай уншиж, үзсэн санагдах юм. Амьдрал санамсаргүй зүйлсийн цогц гэдгийг хүлээн зөвшөөрнө өө. Гэхдээ бас зайлшгүй тохиолддог зүйл гэдгийг ч мартаж болохгүй. Холливүүдийн хуулбар гэдгийг нь урлагийн нөлөөллийн хуулиар тайлбарлаад өнгөрдөг юм аа гэхэд аль ч нийгэмд байдаг сөрөг талыг хүчээр нийлүүлэн холбосныг нь зохиолын хувьд шаардлага хангасан гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Би чамд хайртай-2” (Б.Баатар., 2009) кино продюссерийн үүрэг, бизнес утгаараа манайд шинэ зүйл болсон. Зохиолын хувьд бол хориод жилийн өмнө бүтэлгүйтсэн хайр дурлалыг буцааж бүтэлтэй болгох зорилго тавьсан, түүнээ харуулахдаа тэрхүү өмнөх хайр сэтгэл зөвхөн дараагийн хоёрыг учруулах холбоос төдийгөөр л ашиглагдаж байгаа, өмнөх киноны цуврал хоёр гэсний учир гүнзгийрч гараагүй, нэр нь харин менежментийн зорилгоор л ашиглагдсаныг төвөггүй мэдэж болно. Энэ бол өнөөх кино зохиолын боловсруулалт тийм ч чамбай бус болсонтой холбоотой зүйл. Хатуу үнэн нь 1990-ээд оноос хойшхи монголын киноны зохиол бүхэлдээ муу, муугийн муу, хөнгөн, хэт хөнгөн, бүдүүлэг, дэндүү бүдүүлэг байсан бас байгаа юм. Харамсалтай нь хойшид ч ийм байх нь техник, зах зээл, ур чадвар, авьяас, хамгийн гол нь сэтгэлгээний хөрс зэрэг бүхий л талаас нь харахад бараг үнэн болчихоод байна гэвэл хатуу ч сонсогдож магад. Яахав байж болох ч ур чадварын үнэр ч байхгүй тохиолдолд зөвхөн нэг брэнд, нэг компанийн захиалгат киног хэрхэн урлагт хамаатуулан ойлгох вэ. Үзэгчдийг доромжилж буй доромжлол уу, ерэн минутын рекламанцар уу. (Боргио брэнд, Гоёо компаний захиалгат “Гоёлын даашинз” (З.Батболд., 2009) г.м, г.з…) Хэдийгээр комершил буюу урлагийн биш орлогын чиглэлийн кино мөн ч гэсэн ийм хэтэрхий хөнгөн зохиолын шийдэл нь түүний нас, чанар, үнэ цэнэ, тэр бүү хэл гол зорилго болсон нөгөө орлогод нь ч сөргөөр нөлөөлдөг нь харагдсан байх.Анх 1985 онд Б.Балжинням найруулж залуусын амьдрал, гол нь тэдний сэтгэлийн зөрчил, хайр сэтгэлийн асуудлаар “Би чамд хайртай” кино бүтээж тухайн үедээ үзэгчдийг чамгүй хуйлруулсан байдаг. Яахав өмнөхөн нь оросууд яг тиймэрхүү асуудал хөндсөн “Зүүдэнд ч оромгүй явдал” (Илья Фрэз., 1980) гэж манайхан орчуулсан кино хийснийг нь тохиолдол гэж бодоод л өнгөрч байна. Иймэрхүү “тохиолдол” хааяагүй л дайралддаг л даа. Мэдээж үзэл суртал, мөн нийгмийн сэтгэлгээний тухайн үеийн загварчлалаас ангид байгаагүй ч дэлгэцийн урлаг талаасаа, найруулагчийн шийдэл талаасаа анхаармаар, онцолмоор зүйл бас ч гэж байсан юм. Зүгээр л өөртөө хайргүй хүнээс хүүхэдтэй болчихоод, түүний аавд нь хол бай гэж ятгуулж, залуу нас, хайр сэтгэл, итгэл үнэмшил, амьдралаа ямар нэг хэмжээнд сэвтүүлж, худал хуурмаг, амьдралын сайн сайхан хүсэл мөрөөдөл өөрийнх нь төсөөлснөөс огт өөр байдгийг ойлгож байгаа охины дүрийг, түүний дотоод сэтгэлийн алдрал, ухаарал, хөдөлгөөнийг илэрхийлэхдээ цэцэрлэгт зогсоо дунд сургуулийн дүрэмт хувцастай охин үснийхээ туузыг аажуухан авч байгаа цөөн агшнаар харуулсан нь хэдийгээр жүжигчний хөдөлгөөн илэрхийлэл хангалтгүй ч шийдэл талаасаа, дүрс, хөгжмийн хэлээр илэрхийлсэн байж болох дүрслэл гэж харагдах жишээтэй. Хамгийн энгийн, бараг цагаан толгой нь гэмээр жишээ юм даа энэ бол. Тэрхүү цөөн агшин (бидний жишээгээр бол тууз) гэрэлт өнгөнөөс бараан өнгөрүү шилжиж буй нэгэн уран зураг юм. Өөрөөр хэлбэл дэлгэцэнд үзүүлэх дүрс, түүний хөдөлгөөн шилжилт, дуу хөгжим зэрэг хэл нь бүхэлдээ иймэрхүү “жижиг” хэмжээнд цогц тэгэхдээ болж өгвөл бүх л киноны турш нийлсний дараа л кино урлагийн тухай тогтон ярих боломжтой байдаг. Үүнийг үндсэнд нь мэргэжлийн талаас нь гэрлээр зурах ч гэх нь бий.Үргэлжлүүлэн сэдвийн талд анхаарлаа хандуулья. Нийгэмд өрнөж буй саар, сөрөг хандлага шилжилтийн үед нэг хэсэгтээ үндсэн сэдэв болж, үзэгчдийг хуйлруулж, сэтгэлгээний орон зайг дүүргэдэг нь бараг л түгээмэл хууль. Энэ нь мөн нийгмийн үнэт зүйлс нөгөөгөөр солигдохтой бас сэтгэлгээний хоосрол, ядуурал, өөрөөр хэлбэл эрх чөлөөний сайн ба саар тал юм. Аливаа урлаг элит буюу масс гэж хуваагддаг нь жам. Хар шилтэй сэжиг бүхий булчинлаг эр, царайлаг гоолиг нүцгэн хүүхэн, буу шийдэм, цүнх дүүрэн мөнгө, үнэтэй унаа  бараг л хэм хэмжээ болж, үзэгчид өмнө нь төдийлөн харж байгаагүйн хувьд нүд гялбан татагдаж, киног урлаг талаас нь гэхээсээ үзүүлж буй эд юмсад нь (эд юм гэдэг ангилалд мөнөөх эр, мөнөөх хүүхэн мөн орно) татагдсан нь нийгмийн боомилогдож байсан эрх чөлөөтэй холбоотой зүйл. Асуудлын гол нь энэ үзэгдэл цагаа өнгөрөөн улирах бүү хэл улам лавшран хэлбэрээ өөрчлөн үргэлжлэн амьдарсаар байгаатай холбоотой. Газраас тасарсан амьдрал, учир утгагүй тансаглал, нүд эрээлжилсэн гоё чамин зүйлс, гял цал байшин сав нь ашиглагдаж болох хэл, дүрс, утга мөн ч үндсэн хандлага, дэвсгэр, үзэл бодол, үнэт зүйл болоод ирэхээрээ явцуурч, туйлширч, мухардаж, мөхөж байгаагийн баталгаа мөн. Түүхэн сэдэв гэхэд хожим нөхөгдөх магадлалгүй зардлаасаа болоод, хүүхдийн, баримтат төрөл үл олдох ашиг, дэндүү хязгаарлагдмал хүрээнээсээ болоод сонирхол татахгүй байгаа нь өнөөгийн киночдын буруу гэж хэлэхэд төвөгтэй. Тиймээс хүнд хэцүү бүхнийг өөр дээрээ үүрсэн зовлонгийн туйл болсон амьдрал, эв хавгүй аллага, садар самуун, хэт их хээнцэрлэл, хөнгөн зугаа, хоосон марзагнал зэрэг манай үндсэн сэдэв, дэвсгэр нь зүгээр л үзэгчдийн сэтгэлгээний доройтлын толь болж байна. Басхүү яалт ч үгүй Монголын зах зээлийн багтаамжтай салшгүй холбоотой. Аливаа ард түмний 80-90 хувь нь арилжааны буюу олон нийтийн урлагийг таашаадаг бол үлдсэн арван (нисээд хорь) хувь нь л жинхэнэ болоод ёстой урлагийг хүлээж авдаг буюу авах чадвартай байдаг. Бүдүүлэг ч гэмээр жижигхэн тоо бодоцгооё. Монголын нөхцөлд тоон утганд шилжүүлбэл 2776209 (2010.10.25-ны байдлаар) монголчуудын 270000 хүн л тийм чадвартай, мэдрэмжтэй, шаардлагатай байна гэсэн үг. Эндээс үзэхэд монголд киноны зах зээл тийм бага гэж тооцогдохгүй байгаа юм. Гэвч дээрх 270000 хүний мөн арван хувийг киноны идэвхтэй үзэгч (өөрөөр хэлбэл тасалбар худалдан авагч) гэж тооцвол нэг киноноос (кинотеатрын 50:50 зарчмын дагуу) тавин сая төгрөг л олох боломж харагдаж байгаа юм. Яг үнэндээ киноны бизнест 40000 доллар инээдтэй бага мөнгөө. Өөрөөр хэлбэл мөнгө биш болох юм, цэвэр орлого талаасаа.Киноны чанарыг тодорхойлох нэгэн гол зүйл болох техник, технологи, үйлдвэрлэлийн орчны материаллаг талыг өнөөдрийн нөхцөл байдалтайгаа эвлэрэнгүй талаас нь бодоод үзэхэд муйхарлан нэхээд, голоод байх нь утгагүй асуудал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ кино бүтээгч хувь хүний мэдрэмжгүй, чадваргүй, авьяасгүй байхтай бол огт хамаагүй асуудал гэдэг нь ч бас ойлгомжтой зүйл. Эцсийн эцэст урлагийг хүн л бүтээдэг гэдгийг дээрхтэй хольж, андуурахгүй байх нь чухал, өөрөөр хэлбэл чадахгүй байгаагийнхаа бурууг өөр бусад ямар нэг гадаад нөхцөлд тохох нь наанадаж л эвгүй хэрэг. Үнэн хэрэгтээ бол дэлхийн өндөр зэрэглэлийн кино наадмуудад iPhone, сонирхогчийн камераар хийгдсэн кино урлаг талаасаа өрсөлдөх бүрэн боломжтой билээ.Найруулагчийн нэг чухал материал бол жүжигчин байдаг. Зохиолын дүрийг гаргахуйц бие, царай зүс тэр болгон тохиолдохгүйн зовлон бий ч, ядаж найруулагчийн бодсон санааг илэрхийлж чадахуйц, бодсоноор нь хөдөлж, ярьж, инээж, бодож, уйлж дуулж, морь, мотоцикл, машин унаж, нум сум харваж, буудаж чадах тийм материал хангалттай байна уу гэдэг нь бас л киноны чанарын нэг үзүүлэлт болдог. Нэг найруулагч морь унаж чаддаг, усанд сэлчихдэг тийм жүжигчин олдохоо болилоо, биен дээрээ шивээс хийлгэж миний материалыг дураараа өөрчилж байна гэж харамсангуй ярихыг сонсож байсан. Энэ бол манай найруулагч нарт тулгарч байгаа бэрхшээлийн нэг гарцаагүй мөн. Жүжигчин хүн өөрийгөө найруулагчийн материал гэдгээ мартаж, дэлгэцэнд үлдээсэн царайгаа өөрийгөө, өөрийнхөө гэж үнэнээсээ итгэдэг бололтой. Яг үнэндээ манай залуу жүжигчид дотор бие бялдар, хэл яриа, мэдрэмж, сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, чадвараараа шаардлагад (ядаж) дөхөх материал бий юу. Хатуу үнэн нь үгүй гэвэл бүү уурлаарай. Тухайн дүрд тохирох эсэхийг найруулагч авьяасаараа сонгож авдаг, чадаагүй бол найруулагчийн өөрийнх нь буруу, бас түүнд нь хувирч чадах эсэх нь жүжигчний авьяасын асуудал болоод ирдэг. Энэ нөхрийн ийм кино, ийм жүжгийг үзсэн чинь нэг л өмнөх дүрээрээ харагдаад болдоггүй гэх маягийн үгтэй олон тааралдаж байсан байх, үүний шалтгаан ердөө өөр дүрд хувирч чадахгүй, инээхдээ нэг л янзаар инээж, ханиахдаа нэг л янзаар ханиадаг гэсэн үг. Хэрэв өөр дүр гаргаж чадахгүй байгаа бол, хэрэв ганц дүрээр л хоногшсон бол, хэрэв өөрөөр инээж чадахгүй байгаа л бол таны тайз дэлгэцийн амьдрал дууссан гэдгийг жүжигчид ойлгохгүй байн байн нөгөө төрхөөрөө л өөр кинон дотор цохиж явах нь бас л эрх чөлөө, дур юм даа. Энэ эрх нь хэтрээд үзэгч бидний өөр дүр үзэх эрхийг зөрчин, өөрийгөө дахин дахин хүчээр харуулаад ирэх нь уг нь бол үзэгч бидний эрхийг зөрчиж байгаа асуудал. Дашрамд хэлэхэд үзэгчдийн сэтгэлзүйн үргэлж л хувирч байдаг адармаатай ч гэмээр онцлогтой холбогдон зарим жүжигчдийн нэг л дүрийг хүлээн аваад өөр дүрээр хүлээж авахгүй, авахыг ч хүсэхгүйгээр тайзны байтугай амьдралыг нь дуусгасан түүх ч сонсогддог.Киноны дүрийн хэл буюу харилцан яриа бас л нэлээдгүй үүрэгтэй чанарын шалгуур байдаг. Манай киноны дүрүүд хоорондоо хэрхэн ярьдаг вэ, яаж дотоод сэтгэл, бодлоо илэрхийлдэг вэ, юу гэж хэлж баярлаж уурлаж гомддог вэ, хэлж байгаа үг нь сэтгэлийнх байж чаддаг уу зэрэг асуудлын тухай яриа заавал гарч ирнэ. Хэдийгээр манай нийгмийн сэтгэлзүйн хүрээ шинэчлэгдэж үгүйдээ хувьсан өөрчлөгдөж байгаа нь үнэн ч, амьдралын орчин тэр бүү хэл утга учир ямар нэг хэмжээнд хувьсаж байгаа нь үнэн ч, гоо сайхны үзэл итгэл үнэмшил дэндүү хурдан үнэлэмжээ эвдэж буй нь үнэн ч, бидний сэтгэлгээний үндэс суурь бүрэн шилжилт хийчихээгүй байгаа нь гарцаагүй үнэн юм. Гадна өнгөнөөсөө тэгж харагдаж байгаа нь үнэн ч дотоод ертөнцийн хувьд шилжилтийн, гэхдээ хүрэх цэг нь тодорхойгүй тийм л шатандаа байгаа гэсэн үг. Сэтгэлгээ, үзэл ойлголт, итгэл үнэмшлийнх нь илрэл болж байдаг хэл яриаг манай киночид арай л өнгөц хялбархнаар шийдээд байдаг. Хэтэрхий хуурай, үнэмшилгүй, гөлгөр, албадсан яриа баатрын сэтгэл санааны илрэл, хувирал өөрчлөлтийг илэрхийлэх нь бүү хэл ярьж буй дүртэйгээ огт авцалддаггүй. Энэ бол киноны зохиолчтой холбоотой асуудал болдог.Энэ бүхэнтэй зэрэгцэн Питер Бросенсын оролцсон хоёр кино, Оскарын баримтат киноны номинацид нэр дэвшсэн Д.Бямбасүрэнгийн кино, Каннын кино наадамд богино хэмжээний уран сайхны киноны номинацид нэр дэвшсэн Ч.Хоролдоржийн “Зүүд”, С.Бямбаагийн хоёр үеийн, хоёр найруулагчийн эсрэгцлийн тухай кино, Ж.Сэнгэдоржийн цэвэр арилжааны бус кино, энд тэнд боловсрол олсон залуусын тухай сураг, хэдийгээр санааны хувьд давтагдах хандлагатай байгаа ч Б.Чингүүн хэнд ч тунирхалгүй, төр засагтаа гомдолгүй, ард түмнээс үүрэг хүлээлгүй (өөрөөр хэлбэл хүлээсэн гэж бодолгүй, итгэлгүй) өөрөө богино кино хийгээд, өөрийнхөө интернет хуудсаар үзэгчдэд үзэх бас үзэхгүй байх эрхийг нь үлдээж байгаа зэрэг нааштай, эерэг үнэлгээ болохуйц зүйл монгол кино ертөнцөд байгаа нь бага ч атугай гэрэл гэгээ болж байна. Гэхдээ энд нэгэн зүйлийг зориуд тэмдэглэхэд монгол залуусын сэтгэлгээ дэндүү баригдмал байгаа нь захиалж байгаа талхнаас нь (оюуны) харагддаг. Энд нийгмийн обьектив ба субьектив хүчин зүйлс нөлөөлдөг л байх. Бий болчихсон юм шиг яриад байгаа хотын соёлын үндсэн илэрхийлэл болж чадахуйц нэг талаас нь л харахад жишээ нь манай нийслэлд урлагийн бүтээлд тооцогдчихоор хөшөө, уран баримал байдаггүй (Хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалд зориулсан кубист хөшөө, Чингис хаан зочид буудлын хашаанд байдаг С.Саранцацралтын баримал зэргийг эс тооцвол), нэгэн хэв загварт дөрвөлжин байшингууд нь хэдийгээр өөрсдөө л барьж байгаа ч нэг талаас сэтгэлгээг боомилдог, нөгөө талаас сэтгэлгээнийх нь илэрхийлэл болдог нь энд хамаатай асуудал бас л мөн.Өгүүллийн эхэнд дурдсан афоризм үнэний хувьтай байж болох асуудлыг нийгмийн сэтгэлзүйд асар хүчтэй, асар хурдан, юутай ч харьцуулшгүй өргөнөөр тархаж нөлөөлөх боломжтой урлагийн, бас үзэл суртлын хэрэгсэл болох тэр шинжтэй нь холбон ойлгож болно. Өмнөхөө байг гэхэд ядаж XX зууны түүхээ шал өөрөөр сурталдсаар байгаа нь бидний өмнөх үед бүтээсэн үзэл суртлын зэвсэг буюу ямар нэг баяр болгоноор үзүүлсээр байгаа түүх хувьсгалын сэдэвтэй кинонууд юм. Эндээс үзэгчид, нэн ялангуяа залуу үеийнхэн XX зууны түүхэн бие хүмүүсийг бараг бүгдийг эсрэгээр нь ойлгож, төсөөлж байгаа юм. (Хэдийгээр урлаг гэдэг үнэн бас зөв байх албагүй ч) Эдгээр кино VIII Богд хаан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо, Ю.Цэдэнбал хэн байсныг, эсвэл 1911, 1921, 1937, 1945 оны хэрэг явдлыг өмнөх социализмын үеэс дутуугүй, бодит байдлаас гуйвсан байдлаар ухуулсаар байна. Уг нь бол амьдрал болоод түүх баян болохоор сэдэв, сэдэл мундахгүй их юм аа. Түүх бол өөрөө дуусашгүй том сэдэв байдаг. Ядаж л цээжээ балбах дуртай Чингис хааныхаа тухай олигтой кино хийгээгүй л байна. Саяхан даа, Оросын найруулагч эцэг С.В.Бодров ирж манайхантай уулзан Чингис хааны тухай кино хамтарч хийе гээд зохиолоо танилцуулжээ. Манайхан зохиолыг нь үзээд Чингис хааныг чонын амьдралаар үзүүлсэн байна, биднийг доромжилж байна маягийн юм яриад бараг л зодоод хөөж явуулсан. Харин Бодров Герман, Казахстантай хамтран киногоо (“Монгол”., 2007) хийж гаргаад, Оскарт нэр дэвшээд өнгөрч билээ. Энэ кино урлаг талаасаа өмнөх Чингисүүдээс илүү болсон нь бодит үнэн байлаа. Зохиолын санаа, бэлгэдэлт дүрслэлүүд, ялангуяа дүрийн хэл онцгой байсан. Дүрийн хэл нь бүхэлдээ маш бага харилцан ярианаас бүрдэж, тэдгээр нь тухайн үеийн ахуй, нөхцөл, орчны сэтгэлгээг дүрийн сэтгэл хөдлөл, хувирал, хөдөлгөөнтэй холбон төсөөлөн гаргасан байдаг. Энэ бол кино, урлагийн тухай яриа. Энэ бол түүхийн сурах бичиг биш, энэ бол бодит үнэний туйл биш. Тиймээс шоронд байна уу, шороонд булагдана уу, алуулж байна уу, авруулж байна уу гэдэгт биш түүгээр дамжуулан ямар утга, мөн чанар илэрхийлж байна, өөрөөр хэлбэл хүнийг алсан нь гол харин хутгалсан байна уу, сүхдсэн байна уу хамаагүй гэдэг урлагт үйлчилдэг хуулиар харвал нэгдүгээрт тавигдах зүйл биш гэдэг нь мэдэгдэнэ.Харин VIII Богд хаан, Сүхбаатар, Чойбалсангаар төлөөлүүлэн XX зууны түүхээ үзэл санаа, утга агуулга, мөн чанарын хувьд огт өөрөөр, бодит байдлаас дэндүү гуйвуулан, түүхийн үнэнийг засварлан бүтээсэн тухайн цаг үеийн байдлаар нь, туйлширсан муу эсвэл сайн хүмүүсийг одоо ч дэлгэцээр дамжуулан номлосоор байгаа нь асуудал мөн. Тухайн үед түүхийн үнэнийг далдалж, хүнийг сэтгэлийн хөдөлгөөн, хувирал, үзэл бодол итгэл үнэмшлийн ганц загвараар хүчээр бүтээдэг байсныг нурших нь илүүц биз. Магадгүй чухам үүн дээр гуйлгуулаад, шүүмжлүүлээд байлгүй төр өөрөө анхаарал хандуулан, үнэнд нийцсэн, түүхийн бодтой ойлголт өгөх хэмжээний, хэн нь хэн байсныг илэрхийлсэн тийм дэлгэцийн бүтээл хийлгэвэл, тийм үзэл суртлын гэж болохоор захиалга өгвөл харин өөр асуудал болно. БСШУЯ чухам боловсрол, соёл, шинжлэх ухаандаа анхаарал хандуулвал (өөрөөр хэлбэл үндсэн ажлаа хийвэл гэсэн үг) энэ нэн тулгамдсан асуудал ч байж мэдэх.Тэгэхээр бид киног ганц чиглэлээр нь хүлээж авч, сэдвийн явцуу хүрээнд эргэлдэж, нэлээд (эсвэл дэндүү) ядуу төвшинд бүтээж байгаа нь үнэн, хамгийн гол нь ийм дорой захиалгыг мөнгөө төлөн үзэж таашаал авч байгаа үзэгч бид өөрсдөө өгч байгаа гэсэн энгийн гаргалгаа гарч ирж байна. Бидний сэтгэлгээ эрэмбэ дээшлэх тусам зах зээлийн хууль ёсоор сайн бүтээл төрөх магадлалтай юм. Хэдийгээр орлого олдоггүй ч гэсэн, хэдийгээр үзэгч цөөн ч гэсэн, хэдийгээр зардлаа нөхдөггүй ч гэсэн, хэдийгээр хүлээж авах нийгмийн сэтгэлгээний бэлтгэгдсэн төвшний хүрээ бага ч гэсэн урлаг гэдэг утгаар нь кинонд хандаж байгаа, хийхийг хүсч байгаа, анхны туршилт эрэл хайгуулаа хийж байгаа цөөхөн ч гэсэн тэр хүмүүст амжилтыг үнэнээсээ хүсье. Бүх урлагийн бизнесийн дотроос киноны бизнес хамгийн чухал байгаа нь үнэн байх. Харин бүх урлагийн (жинхэнэ утгаар) дотроос хамгийн биш зүгээр чухал нь кино урлаг уг нь мөн.А.Мөнх-Оргил /доктор (Ph.D), дэд профессор/


Ш.Баттөр /доктор (Ph.D)/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж