Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-04-21/-ийн үдээс өмнөх хуралдаан Үндэсний аюулгүй байдлын тухай  /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгээр эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар тус тус танилцуулав.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэн тул одоо мөрдөж буй Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг түүнд нийцүүлэх, нөгөөтэйгүүр одоо мөрдөж буй хуулиудын зохицуулалт тодорхойгүй, оновчтой бус, давхардал ихтэй байгаа зэргээс тэдгээр хуулийг нэгтгэн шинэчлэн найруулах шаардлагатай болсон байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох, ялангуяа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах шаардлага тулгарчээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн үйл ажиллагааг тодотгох, тухайлбал, тус Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх, түүний шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Зөвлөлийг мэдээллээр хангах журмыг тодотгох түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж хуульчлах шаардлага зэргийг харгалзан энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

Гишүүд асуулт тавихдаа, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг  олон салбартай болгож бүтцийг нь өргөжүүлэх, өргөн мэдээлэл гаргуулан авах  ямар хэрэгцээ, шаардлага байгаа, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд иргэн, иргэний байгууллагуудын хүлээх үүрэг хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан, “хяналт тавих”, “биелэлтийг хангуулах”, “чиг, үүрэг өгөх” гэх зэргээр Зөвлөлийн чиг үүргийг өргөтгөсний учир шалтгаан юунд байгаа, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх, Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын дотор эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд байхгүй байгаагийн шалтгаан юунд оршиж байгаа зэрэгт  анхаарлаа хандуулав.

Үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярилцахын чухлыг тэмдэглэхийн сацуу хуулийн төслийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод Ажлын хэсэг байгуулж хууль хүчний  байгууллагуудын хараат бус байдлыг хангах, тэдгээрийн эрх мэдлийн хуваарилалт ямар байгаад дүгнэлт гаргах, улс төр, сэтгэл зүй дэнсэлсэн сонгуулийн өмнөх цаг үед энэ хуулийн төслийг гаргах нь зөв эсэх, хуулийн төслийг хэлэлцэхдээ судалгаа, тооцотой хандах зэрэг талаар гишүүд саналаа илэрхийллээ.

Ийнхүү асуулт-хариулт, саналаа илэрхийлсний дараа санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Дараа нь гишүүд Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр, засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгажээ.

Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна.

Төсөлд, Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинээр бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаарх эрх бүхий субъектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилж тусгасан байна.

Дотоодын цэргийн тухай хуулийг энэ хуультай хамтад нь яагаад өргөн бариагүй, энэ хуулийн төслийн үзэл баримтлал нь төвийг сахих бодлоготой хэр уялдаж байгаа, бүтээн байгуулалтын үйлсэд түүний дотор барилгын ажилд цэргийн албан хаагчийг татан оролцуулах  зөв зүйтэй эсэх, цэргийн алба хаах хугацааг сунгах эсэх,  салбарын бодлогыг тодорхойлсон эдгээр хуулийн төслийг ямар хугацаанд боловсруулсан, түүнд Батлан хамгаалах яамны оролцоо ямар байсан, цэргийн алба хаах орчин үеийн нөхцөл, бэлтгэл хангагдсан, байгаль орчныг хамгаалахад оролцох боломжтой эсэх, ямар асуудлууд тулгамдаад, шаардлага үүсээд энэ хуулийн төслийг зайлшгүй батлах ёстойг тайлбарлах зэрэг талаарх гишүүдийн асуултад хууль санаачлагчийн төлөөлөл, ажлын хэсгийнхэн хариулт өгөв.

Төвийг сахих бодлого нь батлан хамгаалахын салшгүй хэсэг мөн бөгөөд Батлан хамгаалах яам нь үндсэн чиг үүргийн яам байх, батлан хамгаалах салбар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чиглэл рүү явах, батлан хамгаалахын бодлогоор дамжуулан эр хүн, эх оронч иргэнийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хандлага, хоёр хөршийн хөгжлийн бодлого түүний дотор үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг харгалзаж бодлогоо уялдуулах, насан туршийн боловсролын дамжлага бааз нь батлан хамгаалах салбар байх, хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойш тавилгүй яаралтай хэлэлцэж батлах зэрэгт   гишүүдийн санал чиглэгдэж байв. 

Батлан хамгаалах тухай  /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтаар чуулганы үдээс хойших хуралдаан эхлэнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж