Дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 80 орны таван зуу гаруй бөхчүүд хүрэлцэн ирээд байна. Харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны/ДБНХ/ ерөнхийлөгч Н.Лалович маргааш ирнэ.
Сонгомол барилдааны төрөлд Иран улсаас олимпийн аварга, дэлхийн 6 удаагийн аварга Хамид Сориан, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-аас 53 кг-ын жинд Наталья Малышева, 58 кг-ын жинд европийн 5 удаагийн аварга, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 86 кг-ын жинд Армандис Звирбулис, эмэгтэй чөлөөт бөхийн 69 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Азербайжанаас дэлхийн аварга Юлия Раткевич, Испаниас олимпийн хүрэл медальт Унда Майдер Гонзалес нар барилдахаар ирсэн байна.
Манай улсад анх удаа болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 48 олимпийн эрх олгоно.
МЧБХ. Д.Өлгийсайхан