Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын эхний ээлж удахгүй төгсөнө. Хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, мэргэшсэн жолооч, бетон арматурчин зэрэг захиалгат мэргэжлээр 270 сонсогчийг Налайх дахь МСҮТ болон Батлан хамгаалахын их сургуульд гурван сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулав. Өдгөө сонсогчид үйлдвэрлэлийн дадлагадаа гараад байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүрэгт Хужирбулан-Гачууртын замын бүтээн байгуулалтад оролцож, үйлдвэрлэлийн дадлага хийж буй сонсогчидтой уулзсан юм. Сайд нарыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан ажиллав.
Энэхүү арга хэмжээний эхэнд ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Д.Оюунболд сонсогчдын эзэмшсэн мэргэжил, сургалтын ач холбогдол, түүнийг зохион байгуулахад зарцуулсан төсөв, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, цэргийн алба хаагчдад иргэний мэргэжил эзэмшүүлэх сургалтыг гурван сарын хугацаатай явуулж нийтдээ 630-690 цагийн онолын болон дадлагын сургалтад хамруулах бөгөөд үүнээс 116 цаг нь онолын сургалтынх, 344 цаг нь симулятор дээр ажиллаж дадлагажив. Үлдсэн хугацаа нь үйлдвэрлэлийн дадлагад гарахаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг баталсан бөгөөд танхимд үзэх хичээл нь дууссан тул бүгд үйлдвэрлэлийн дадлагад гараад буй нь энэ ажээ. Энэ удаагийн дадлагад хүнд машин механизмын оператор, завсарчин, жолооч мэргэжлээр сурч буй 277 сонсогч хамрагдсан бөгөөд тэд дадлагын хугацаанд мэргэжлийн багш нарын удирдлага дор Сургалтын төвд баригдах стадионы суурийн ажлыг гүйцэтгэж буйг тэргүүн ахлагч Д.Оюунболд онцолж байв. Энэ үеэр Батлан хамгаалах яамны зүгээс Хөдөлмөрийн сайдад хандан тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Тодруулбал, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших сонсогчдод сургалтаа амжилттай дүүргэж, стандартад заасан ур чадвар эзэмшсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээ бус мэргэжлийн үнэмлэх олгох, мөн цэргийн алба хаасан хугацаагаар тэтгэвэрт эрт гардаг ахлагч нараа МСҮТ-ээр дамжуулан хос мэргэжил эзэмшүүлж энгийн газарт ажиллах боломжоор хангах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас хүссэн. Сайд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөн бөгөөд хоёр яамны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжтой бусад зүйлийг ойрын хугацаанд хамраад шийдэхээр болсон юм. Мэдээллийн дараа албаныхан сонсогчидтой уулзсан. Налайх дүүргийн МСҮТ-ийн ахлах багш Ч.Базаррагчаа "Цэргүүдэд хичээл заахад урамтай юм байна. Заасан даалгаврыг богино хугацаанд биелүүлж, амархан сурч байна.Бие даах чадвар сайтай учраас тусгайлсан мэргэжлүүдээ богино хугацаанд эзэмшиж чадсан" гэсэн мэдээллийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд илэрхийлж байв.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ”Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан. Энэ дагуу 2013 онд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг оролцуулахдаа тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж, дадлагажуулах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээсэн юм. “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт хамруулах замаар шаардлагатай 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлнэ. Үүний эхлэл болгож Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж байгаа нь энэ юм.