Орос НАТО-той санал зөрөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Орос НАТО-той санал зөрөлдлөө

Харилцаа, хамтын ажиллагаагаа зогсоосноос хойш бараг хоёр жилийн дараа ОХУ болон НАТО-гийн зөвлөл Брюссельд  өчигдөр /IV.20/ уулзав. Уулзалтын үеэр талууд Украины зөрчил хямралын асуудалд санал зөрөлдсөнийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Тэрбээр ОХУ, НАТО-гийн хооронд харилцааны шугамыг нээлттэй байлгаж, өөрсдийн ялгаатай үзэл баримтлалыг хэлэлцсэнээр цэргийн зөрчилт үйл явдлаас сэргийлж чадна гэдгийг онцолсон байна. Уулзалт товлосон хугацаанаас 90 гаран минут сунжирч үргэлжилжээ.

Харин ОХУ-ын төлөөлөгч Александр Грушко НАТО-гийн Балтын тэнгис дэх цэргийн сургуулилтыг шүүмжилж, Оросын хилд армийн үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг шаарджээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Калининград боомтын ойролцоо АНУ-ын пуужин сөнөөгч ирсэн нь Москвад цэргийн дарамт үзүүлэх оролдлого байсан хэмээн Александр Грушко мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Балтын тэнгис дэх АНУ-ын пуужин сөнөөгч хөлгийн дээгүүр Оросын байлдааны онгоц ниссэн юм.

ОХУ, НАТО-гийн зөвлөл 2002 онд байгуулагдсан юм. Гэвч Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн НАТО 2014 онд Москватай хамтын ажиллагаагаа зогсоож, харилцаагаа тасалсан юм. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнийг өдөөн хатгаж, хөндлөнгөөс оролцсонд ОХУ-ыг буруутгадаг. Харин НАТО зүүн Европын орнуудад цэргийн хүчээ байршуулж, сургуулилт хийх болсон нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэж Москва буруутгажээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж