Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12-А ангийн сурагч З.Үлэмжзаяа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх дуртай. Интернэт, фэйсбүүкээс аль болох хол байж, элдэв технологи, төхөөрөмжийг гар доорх материалаар хялбарчлан бүтээхэд цаг заваа зарцуулах дуртай хэмээн өгүүлж байлаа. Түүний хамгийн сүүлд хийсэн бүтээл нь тайзны гэрэл. Гэхдээ элдэв цахилгаан хэрэгсэл, техник ашиглаагүй. Ердөө л нэг удаагийн цаасан аяга, цавуу, сүлд модны гэрэл гурвыг ашиглан, сургуулийнхаа урлаг заалыг гоёмсог гэрлэн чимэглэлтэй болгожээ. Тэдний сургуулийн урлаг зааланд З.Үлэмжзаяагийн санаачилсан цаасан аяган гэрэлтүүлэг тав байгаа гэлээ. Тэр өнөөдөр Гуравдугаар сургуульд болж буй “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн нэг хэсэг, хичээлийн хажуугаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх багш нарын зөвлөгөөнд өөрийн бүтээлээ тавьсан байлаа.
Энэ зөвлөгөөнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн сургуулиудаас гадна 21 аймгийн багш нар ирж, хичээлийн хажуугаар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн юм.
71 дүгээр сургуулийн 9-г ангийн сурагч Б.Билгүүн мөн л чөлөөт цагаараа гарын доорх материал ашиглан Чингис хааны 3D хөргийг бүтээжээ. Б.Билгүүний хувьд фанер, мод, наалт, жааз ашиглан Чингис хааны хөргийг 3D хэлбэрээр хийсэн байна.
Сурагчдын хувьд модоор зорж, сийлж, 3D хэлбэр гаргахаас эхлээд бүх төрлийн хийцээр бүтээл урлажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хувьд л гэхэд нийт, төрийн өмчийн 13 сургуулийн сурагчдад “Unimat” гэх төхөөрөмжийг авч өгчээ. Сургууль тус бүрд 20 сая төгрөгөөр олгосон энэ төхөөрөмж нь токарийн машин, уран хөрөө гээд бүх төрлөөр бүтээл гаргадаг юм байна. Ингэснээр сурагчид байшин барилгаас эхлээд бүх төрлийн бүтээлийг жижиг хэмжээсээр хийх боломжтой болжээ.
Ер нь сурагчид баг болж, барилга, цахилгаан, роботоос эхлээд элдэв зүйлийг туршиж, бүтээх болсныг багш нар онцолж байлаа. Сурагчдын хувьд удирдлагатай машин, робот, хөлөг онгоцыг гарын доорх материалаар хангалттай бүтээдэг болжээ. Үүнээс гадна монгол ахуйгаа сэргээж, таниж мэдэх үүднээс эсгий гэрийг жижиг хувилбараар, тооно, унь, хаалга, хана гээд бүгдийг сийлж бүтээсэн байна.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА
Н.БАТМӨНХ