ХОМ-ийн хураангуй ирэх долоо хоногт гарна

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн хураангуй ирэх долоо хоногт гарна

-920 албан тушаалтан хөрөнгө, орлогодоо их хэмжээний өөрчлөлт орсныг мэдүүлжээ-

Улсын хэмжээнд 39 мянга 848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол хоёр хүн хугацаа хожимдуулсан, гурав нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах нарт холбогдох хуулийн дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин мэдүүлгээ гаргаж өгөөгүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсангийн сарын урамшууллыг 20 хувиар гурван сарын хугацаагаар бууруулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Одод анхааруулга өгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэвийг ажлаас нь чөлөөлжээ. Ч.Дэчингалсан, Л.Гэрэлт-Од нараар 2015 оны мэдүүлгийг нь нөхөн гаргуулсан байна. Дээрх нэр бүхий таван хүнд сахилгын шийтгэлийг тухайн төрийн байгууллагын удирдлагын шийдвэрээр ноогдуулсан тухай АТГ-аас мэдээлсэн. Хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон талаар 920 албан тушаалтан мэдүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан 26 мянга 189 албан тушаалтан байна. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан 786, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргасан 5589, давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулсан 140, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн 15 албан тушаалтан бүртгэгджээ. 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийн хураангуйг ирэх долоо хоногт гарганаа хэмээн мэдэгдлээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж