Ардчилсан нам хэрэггүй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам хэрэггүй болсон уу?

МАН, МАХН-ын эвсч нэгдэх дуулиан дундуур Их хурлаа хийсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын эргэн тойронд сонирхолтой дүр зураг харагдах боллоо.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын баг хурлын зохион байгуулалтад оролцсон хэмээн жиргээнийхэн  онцлов. Учир нь “С1” телевизийн шууд дамжуулалтаас ийм сэтгэгдэл төрсөн биз.

Саяхан л нүүр номын хуудсаараа дамжуулан “ноосоо тушааж” дууссанаа зарлаж суусан УИХ-ын гишүүн Г.Уянга МҮАН-ын үнэмлэхээ тушаагаад долоо ч хонолгүй дараагийнхаа намд элсээд зогсохгүй даргаар нь сонгогджээ.

Энэ бүх үйл явдал  Х.Баттулгын “Барбарос” төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэж узэх хүний тоо олширч байна.

Эрх баригч АН-ын ҮЗХ болон сөрөг хүчин болох МАН-ын Бага хуралтай яг нэг өдөр  зэрэгцэн Дуурь бүжгийн эрдмийн театрт хуралдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам УИХ-ын гишүүн Х.Баттулгын ивээлд байна гэсэн итгэл, үнэмшил тус хуралд ирсэн “зочид” хийгээд тэдний үг, үйлдлээс олон нийтэд төрөв.

Энэ намын их хурлын үйл ажиллагааг  C1 телевизээр шууд дамжуулсан болон тэнд “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцсон зарим зочин, мөн жүдочин Х.Цагаанбаатар, “Херо”-гийн Б.Баатар, УИХ-ын дэд дарга Л.Цог нар байснаас хараад ийм сэтгэгдэлтэй үлдсэн байх. Мөн намын сурталчилгааны шторк нь  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ашиглагдсан дүрс байгаа нь олон нийтэд ийм бодол үлдээсэн байж болно. Хэний ч мэдэхгүй, байгуулагдаад хоёр жил болох төдийхөн түүхтэй  жижиг намд ахадсан пи-ар, ард нь том хөрөнгө оруулагч байгаагийн нэг илрэл гэж хэлэх хүмүүс байгаа юм.  Энэ дүгнэлт бодит үнэнээс хол зөрөхгүй байх.

Хэдийгээр өнгөрсөн хоёр жил өнгөлөн далдлалтаа сайн хийсэн ч өнөөдөр энэ бүх тоглолтоо Х.Баттулга ил, цагаан дэлгэж байна хэмээн улс төрийн хүрээнд үзэж байна. 

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам анх 2014 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд 2015 оны тавдугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг. Намын дарга нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр бол Ц.Баянбилэг гэгч. Энэ хүн залилангийн хэрэгт холбогдсон хэмээн зурагтай мэдээлэл нийгмийн сүлжээгээр нэг хэсэг тархсан. Түүнийг залилангийн хэрэгт холбогдсон хойгуур намыг нь булаасан гэдэг мэдээлэл ТТЭНН-ын их хуралтай зэрэгцээд нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга энэ намын даргаар сонгогдсон нь олон нийтийн таамаглаж байснаар яг болж  байна.

Одоо харин  УИХ-ын гишүүн Х.Баттулга халаасны намдаа хэзээ очих нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ хэмээн шуугих боллоо . Өнөөдөр үү, эсвэл маргааш уу. АН-ыг талцуулж, тамирдуулж, тартагт нь тулгасныхаа дараа юу? Түүнийг дагаад Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам руу ичиж, улайхгүй урваж, шарвах хүн Ардчилсан намд бий юу.

Өнөөдөртөө Х.Баттулга АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Албан ёсоор бүлгээсээ болон намаасаа гарснаа зарлаагүй. Харин албан бусаар намаасаа гарна гэж АН-ын даргыг, айлгаж явсан гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнээс  сонсогдсон.    

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам хоёр жилийн өмнө байгуулагдсан гэвэл тэрбээр хоёр жилийн өмнөөс намаасаа гарах, Ардчилсан намыг ашиглаад хаях төлөвлөгөөтэй байжээ.  Эрх биш нүдэн дээр нь ил цагаан болж байгаа юм болохоор энэ бүхнийг эрх баригчид олж харсан байгаасай гэж найдъя. Ардчилсан намын нэрээр гурван удаа УИХ-д сонгогдож, хоёр ч удаа Засгийн газрын сайдаар ажиллаж явсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад одоо Ардчилсан нам хэрэггүй  болсон байна.  

Х.Баттулга “Том амбицтай” гэдгээ нуудаггүй. Хэвлэлээр нэг бус удаа үүнийгээ хэлж байсан юм. Энэ амбицдаа хүрэхийн тулд өнгөрсөн дөрвөн жил Монголын төрөөр хангалттай тоглосон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өөрийн намаа аль хэдийнээ бэлтгэчихсэн байна  хэмээн үзэж байгаа хүмүүс үнэн эсэхийг удахгүй харах биз.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж