Сонгуулийн хуульд зааснаар намууд энэ сарын 20-ноос өмнө Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулахаар өгсөн байх ёстой. Үүний дагуу Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох Дархан-Уул аймгийн ардчилсан намын 2016-2020 онд баримтлах мөрийн хөтөлбөрийн аймгийн Аудитын байгууллагад тус аймаг дахь Ардчилсан намын дарга Г.Баянмөнх хүлээлгэн өглөө. Тэрбээр “Манай нам мөрийн хөтөлбөрөө хийхдээ Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлд заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон УИХ 2016 оны 19 р тогтоолоор баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай нийцсэн эсэх, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаар тооцоо судалгааг хянуулж дүгнэлт гаргуулахаар Аудитын байгууллагад хандаад байна” гэлээ. Энэ үеэр түүнээс Дархан-Уул аймгийн Ардчилсан нам маргаантай асуудал юу болж байгааг асуухад “Өнөөдрийн мөрдөгдөж байгаа улс төрийн намуудын тухай хуулиар нам үндсэн дүрмээ мөрддөг байх хэрэгтэй. Дархан-Уул аймагт үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор манай намын дээд байгууллага хяналтын ерөнхий хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18 өдрийн 02 тогтоол, 2014 оны аравдугаар сарын 13 өдрийн 03 тоот тогтоолууд гарсан байдаг. Үүнийг дарга цэрэггүй бүгд биелүүлэх учиртай. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын маргаан нь дарга цэрэг тамга тэмдгийн маргаан бус Дарханы ардчилсан намын 12 жилийн ялагдлыг үргэлжлүүлэх үү зогсоох уу гэсэн маргаан гэж үзэж байна” гэв.
Б.БАТ