Казахстан нь Хятадаас Европын холбооны орнууд хүртэлх ачаа тээврийн гол дамжуулан өнгөрүүлэгч болсноор ганхаж байгаа эдийн засгаа сэргээж, Хятадын “Торгоны зам” төслөөс хамгийн ихээр хожиж чадахаар байна.
Хоёр жилийн өмнө Хятадын удирдагч Ши Жинпинь Казахстанд айлчлах үеэрээ Азийг дамнан Европ хүрэх худалдааны шинэ зам барих саналыг гэнэтхэн тавьсан билээ. Хятадын тэргүүн Астанад мэдэгдэхдээ энэхүү тив хоорондын сүлжээний гол холбоос нь Казахстан байх болно гэв.
Үнэхээр Астана нь цор ганцаараа Торгоны замын бүсийн дэд бүтцэд зориулсан бүтээн байгуулалтад хятадын хөрөнгө оруулалт авч эхлээд байна. Бусад улс орнуудад Хятад амласан төдий л байгаа юм. Хэргийн учир нь энхүү төсөлд Хятад ямар анхаарал хандуулж байгаа, хамгийн гол нь мөнгөн утгаараа ямар далайцтай болохыг Астана шууд ойлгожээ. “Эдийн засаг нь удааширч эхэлсэн учраас шинэ түлхэц яаралтай өгөх шаардлага Бээжинд байгаа. Тийм болохоор даяаршсан шинэ дэд бүтэц бий болгох төсөл яг чухал хэрэгтэй зүйл” гэж Central Asian Studies Center-ийн Наргиз Касенова үзэж байна. Түүний бодлоор илүү аятай сайн нөхцөл санал болгосон улс орон л энэхүү хөрөнгө оруулалтын ихэнхийг хүртэнэ. Энэ тал дээр Казахстан одоогоор тэргүүлж байна.
Ойрхи Дорнодод олон улсын алан хядагчидтай байнгын дулаан хийж буйн улмаас нөхцөл байдал эрс хүндэрсэн болохоор дамжин өнгөрүүлэгч орны хувьд Турк маш асуудалтай орон болсон. Тэдний нутаг дэвсгэрт хүрэхийн тулд Ирак, Сирийг дамжин өнгөрөх хэрэгтэй болно. Түүнээс гадна 2016 онд Америкийн цэргүүд Афганистаныг бүрмөсөн орхин гарна. Тэнд талибууд, эсвэл тэдэнтэй адил төстэй исламистууд засгийн эрхэнд дахиад гарахгүй гэх баталгаа байхгүй. Тэгвэл хөрш орон болох Пакистанд ч тогтвортой байдал алдагдана. Тэгсэн нөхцөлд Дундад Азиар дамжин Европ хүрэх зам л Хятадад үлдэнэ.
Оросоор дамжих зам байгаа ч Бээжин, Москвагийн харилцаа хоёр зүйлээр хүндхэн байна. Нэгдүгээрт, Орост нэгэнт баригдчихсан зам, жишээ нь Транссибирийн төмөр замыг ашиглах гэхээр тэндхийн хүнд суртлаас нь болоод бэрхшээл үүсдэг. Тэрнээс гадна Дундад Азийн том төсөлд Орос нэн сэжиглэнгүй хандаж байгаа. Энэ нь тус бүс дэх Москвагийн улс төрийн нөлөөг шахан зайлуулна гэж Москвагийн олон хүн боддог. Уг нь Бээжин Дундад Азид бэхжих биш, харин Европын холбоотой худалдааны харилцаагаа хэрхэн илүү нягтруулж, яаж илүү ашиг олох вэ гэдэг талаар илүү ихээр тунгааж байна гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм.
Тэр тусмаа АНУ-ын тэргүүлсэн Номхон далай дамжсан эдийн засгийн түншлэл байгуулагдсан нь Номхон далай дээрх худалдааны өрсөлдөөнийг эрс нэмэгдүүлж байна. Үүнд далайцтайнхан төслөөр хариу барих хэрэг Бээжинд байгаа бөгөөд Торгоны зам үүнд яг тохирох юм. Ийм нөхцөлд БНХАУ-ын “замд тааралдах” орнууд асар их хөрөнгө оруулалт хүлээж болох бөгөөд Казахстаны од нь гийж анхны азтан болов бололтой.
Хөрөнгө оруулагч бэлэн
Хятадын бараг бүх санал санаачилгын нэгэн адилаар Торгоны замын санаа нь аврага том, бас нэлээд абстракт байлаа. Нэгдүгээрт, Төв Ази, Ойрхи Дорнодыг бүхэлд нь авто зам, төмөр зам, дамжуулах хоолойгоор шууд хэрэхээр Бээжин даллав. “Хуурай замынхаас гадна далайн замын төсөл бас бий. Тэр нь миний бодлоор илүү ирээдүйтэй ч байж мэднэ. Яагаад гэвэл дэлхийн нийт бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг үйлдвэрлэдэг олон орны усан хилээр энэ зам өнгөрнө” гэж Брукингсийн төвийн Дэвид Доллар ярьж байна. Хятадын төрийн ажилтнууд, эрдэмтэд энэхүү замын тухай үзэл баримтлалыг дөнгөж л боловсруулж эхэлж байна хэмээн тэрээр үзэж байгаа юм. Тухайлбал, Пакистан хүртэл, улмаар Ойрхи Дорнодод хүрэх зам тавихад шаардлагатай 20 тэрбум доллар нь байгаа ч үүнийг хэрхэн хийх, өртгөө хэрхэн нөхөх нь ойлгожгүй байна.
Дундад Азийн тухайд ч үүнтэй адил нөхцөл бас бий. Тэндхийн орнууд нутаг дээгүүр нь дэд бүтцийн тийм төсөл дайран өнгөрч л байвал дурын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд л бараг бэлэн байна. Гэвч Орос болоод Европын холбооны асуудлууд Европт ямар ч бараа хэрэггүй байдалд хүргэж болно. Украйны байдал муудвал хоригийн шинэ салаа мөчир Оросын бүх экспортыг цохилтод оруулж мэднэ. Ийм нөхцөл Хятадад ихээхэн нөлөөлөх болно.
East Asian Institute-ийн Жон Вонгийн бодлоор бол улс төрийн зөрчлүүд Бээжинд огтхон ч таарахгүй. Торгоны замын энэ төсөл өөрсдийнх нь үйлдвэрлэлд өрсөлдөөний хүчтэйхэн аюул авчирна гэдгийг Европод одоо яриад эхэлсэн бөгөөд Брюссель дурын шалтгаар ачааг хил дээрээ гацааж мэднэ. Мөн Каспийн тэнгисээр дамжин Оросыг тойрох зам бий ч үүний тулд гатлага барих хэрэгтэй, тэр нь төслийг өртөг өндөртэй болгож, ачаа хүргэлтийг удаашруулна.
Ойрхи Дорнодын хувьд бараг адилхан нөхцөл байдал бий. Пакистан хүрэх зам барих асуудал шийдэгдсэн гэвэл цаашаагаа хайчих нь ойлгомжгүй байна. 2016 онд Америкийн фэрмүүд Афганистаныг орхин гарсны дараа тэнд эмх замбараагүй орон зай үүсч мэднэ. Конгрессийн мэдээлж буйгаар Кабулын армийг сургахад зориулж АНУ 14 тэрбум доллар зарцуулсан ч ард түмэн хэрэв жихадуудыг дэмжвэл энэ нь ямар ч тус болохгүй. Тэгээд ч Ирак, Сири одоо дайны байдалтай байгаа болохоор худалдааны замыг тийш сунгах нь дэндүү эрсдэл ихтэй.
Дамжуулан өнгөрүүлэгч орон
Энэ бүхнээс үүдээд Европын холбоо, Хятад хоёрыг холбох тээврийн үндсэн шугам болохын төлөө Казахстан гол өрсөлдөгч болж хувирчээ. Энэ улс 4 тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын хэд хэдэн гэрээнд гарын үсэг зураад байна. Эдгээр мөнгийг өндөр хурдны зам, улсынхаа газар нутгийг нэвт гарсан төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна.
Warwick Business School-ын стратегийн менежментийн профессор Камель Мелахигийн бодлоор бол Казахстанд ийм түргэнээр хөрөнгө оруулахад хүргэсэн хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, Торгоны замыг барих компаниудад гаалийн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэхийг Астана зөвшөөрсөн. Энэ бол улс орон аливаа том төслийг дэмжих үед хэрэглэгддэг ердийн алхам юм. Тэр тусмаа 2015 оны зуны хямралын дараагаар мөнгөний ханшийг шууд гуравны нэгээр унагахад хүрсэн, газрын тосны үнэ үргэлжлэн унаж байгаа тохиолдолд эрчим хүчнээс бусад салбарын бүхий л тос төслүүд Астанагийн хувьд аштайхан санагдаж байж мэднэ. Хоёрдугаарт, худалдаа гол нь биш, харин үндэсний үйлдвэрүүдээ шинэ шинэ захиалгаар бүрэн ачаалалтай байлгах нь чухал гэдгээ Хятад шууд ойлгуулсан. Үүнээс болоод Оростой хийх хэлэлцээрүүд хүчтэй хөдөлгөөнд ороогүй байна. Торгоны замд зориулсан барилгын материалууд, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг өөртөө хийхийг олон орон хүсч байгаа. Бээжин үүн дээр эсрэг байр суурьтай байгаа бөгөөд сүүлийн үеийг хүртэл хоцрогдонгуй, ихэнхдээ газар тариалангийн зориулалттай байгаа баруун бүсээ хөгжүүлэх нь түүний бас нэг зорилго юм. Энэ төсөлд БНХАУ багадаа 10 тэрбум долларын дотоодын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүндээ барууны анхаарлыг хандуулахыг хүсч байна. Харин Казахстан болохоор үүний тулд Хятадтай өрсөлдөх үйлдвэрлэлийн бааз суурь ч байхгүйгээ ойлгоод тийм алхам хийх гэж оролдох үгүй байгаа билээ. Энэхүү худалдааны шинэ замын үйлчилгээнээс олох орлогын дийлэнх хувь нь харин өөрийнх нь хүү санд орно, энэ бол өөр хэрэг гэдгийг Астана сайн ойлгож байна. Өмнө нь хөгжөөгүй салбарын удирдагч, менежерүүд түүнд ирээдүйд хэрэг болох болно.
Тэгээд ч энэ бүхнийг Хятадын мөнгөөр худалдан авах болно. Одоо тэгэхээр бүтээн байгуулалт эхлэхийг хүлээж, Оросын дэмжлэгийг бас олж авах л үлдээд байна. Сонирхолтой нь, Гаалийн холбоо эдийн засгийн хувьд оросуудад гэхээсээ Нурсултан Назарбаевт илүү ашигтай гэж олон шинжээч дүгнэж байна. Яагаад гэвэл Казахстан улс ямар нэгэн нэмэлт улс орны хилээр дамжилгүйгээр Европын холбоотой шууд холбогдож байна.
Анд нөхөр үү, өрсөлдөгч үү?
Орос болохоор уг төсөлд оролцох эсэхээ тодорхойлж чадахгүй байна. Торгоны замын бараа ЕвроАзийн орон зайг дотоодын ямар нэгэн хил гаальгүйгээр туулж, Европын холбооны хилд хүрэх асуудлыг баталгаажуулахад манайх бэлэн гэж Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов 2014 оны сүүлээр мэдэгдчихсэн. Гэвч үүнд хэд хэдэн ноцтой саад бий. Жон Вонгийн бодлоор бол одоо байгаа дэд бүтцийг ашиглах нь нэн хэцүү. “Трансибирийн төмөр замаар Европт Азиас очих ачааны 1 хувь л одоо тээвэрлэгдэж байна. Хэргийн учир нь төмөр зам хуучирсанд байгаа юм биш ээ. Авлига, хүнд сурталд л асуудал байна” гэж шинжээч ярьж байна. Түүнээс гадна Орос болоод Европын холбооны хоорондох замын өргөн нарийнд бас асуудал бий. Гэхдээ энэ бол шийдэж болох асуудал юм.
Оросын албаныхан Торгоны замыг өөрийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах боломж гэж харж байна. Өөрөөр хэлбэл, шинэ замыг Хятадад тохирдоггүй, өөрийн стандартаар барихыг хүсч байна. Түүнээс гадна Хятадын маш их барааны урсгал Оросын эдийн засгийг баллаад хаячихна гэсэн айдастайгаар энэхүү төсөлд ихээхэн сэжиглэнгүй хандаж байгаа юм. Энэ хоёр орны хоорондох ачаа эргэлт 95 тэрбум долларт хүрсэн бөгөөд ихээхэн хэсэг нь Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдож байна.
Оросын энэхүү шийдвэргүй байдал нь Казахстанд дам дэмжлэг болж байна. Цорын ганц саад нь Дундад Ази дахь улс төрийн хяналтаа алдах вий гэсэн Оросын айдас болж хувираад байна. Тийм болохоор л Нурсултан Назарбаев одоо хамаарч байгаа нэг ч улс төр, цэргийн эвслээс Казахстан гарахыг хүсэхгүй байгаа, тэр бүү хэл одоо бараг хэрэггүй болчихсон Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлөө ч орхихгүй гэж Владимир Путиныг нэг бус удаа ятгаад байна.
Гэхдээ Оросын бодож байх зуур Казахстан чиглэсэн зорилготой ажиллаж байна. Хятадууд замыг бодитойгоор тавихад бэлэн болох үед үүнд зориулсан мөнгийг эхэлж хүртэх нэр дэвшигчийн нэг нь Астана байх болно.
Андрей Павленкогийн бичсэнийг Б.Оюунцэцэг орчуулав.