Яам, агентлагаар сонин юутай вэ буланг долоо хоног бүрийн пүрэв гаригт бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн буландаа Аж үйлдвэрийн яамыг онцолж байна. Тус яамны зүгээс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас гадна дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, байршлыг тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 75 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилд 2.3 сая тонн хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх үндэсний компанийн оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээд Аж үйлдвэрийн яаманд хүсэлтээ ирүүлэх боломжтой.
Тун удахгүй Дорнодоос Бор-Өндөрийн чиглэлд 540 км нефтийн хоолой дамжуулах ажлын тендер зарлах юм байна.
Зэсийн цэвэршүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ган хайлах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хийх компанийг шалгаруулах ажил одоогоор хийж байна. Дарханы ган хайлах төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн суурийг энэ оны зургадугаар сард тавина. Тус үйлдвэрийн түүхий эдийг татах ажил үндсэндээ дууссан гэлээ.
Засгийн газар 200 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд шилжүүлсэн. Энэ хөрөнгийн 50 тэрбум төгрөгийг 330 суманд хуваарилж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд олгохоор шийдвэрлэсэн байна. Өрхийн үйлдвэрлэлийн зээл авах иргэд төслөө тухайн орон нутагт байгаа банкинд мэдүүлээд зээл авах бололцоо бүрджээ.
Аж үйлдвэрийн яам экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Энэхүү үндэсний хөтөлбөрийн зорилго нь уул уурхайн бус боловсруулах үйлдвэрийн экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын санг байгуулах зэрэг ажлууд тусгагджээ.
Өчигдөр буюу /2016.04.20/-нд ӨАБНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайт хатагтай Долана Симан тэргүүтэй төлөөлөгчдийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр худалдаа, аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. ӨАБНУ химийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж байгаа учраас Монгол Улсаас байгалийн гаралтай, экологийн бүтээгдэхүүн импортлох боломж буйг онцолсон байна.
Т.ДАВААНЯМ