Жуулчдыг татах нь тодорхой, гэвч…

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

 Жуулчдыг татах нь тодорхой, гэвч…

Жуулчдад ээлгүй орны жагсаалтад Монгол Улс дээгүүрт бичигджээ. Түүгээр ч барахгүй аялал жуулчлалыг татах зорилгоор 42 орны иргэдийг визгүй зорчих эрхийг нээсэн ч жуулчдын тоо өсөөгүй юмсанж.

Монгол Улсад жуулчдын сонирхлыг татаж, сэтгэлийг сэргээх түүх, дурсгалын олон газар бий хэмээн археологичид онцолж байна. Гэвч…

Монголын аялал жуулчлалтай холбоотой нэгэн явган шог бий. Хэдэн зуун км-ийг бороо, шороотой, дэржгэнүүр замаар туулж, хүрэх газраа очсон жуулчин “Иймхэн юм үзүүлэх гэж энэ их замыг туулсан хэрэг үү” хэмээн уйлсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Монголын говь нутгийг зорьсон жуулчдын 95 хувь нь дахиж ирэх бодлоо таягдан хаядаг гэх яриа ч археологич, судлаачдын дунд байна. Энэ нь нөгөө л дэд бүтэц муутай, зам харгуй бартаатай, үнэт олдворуудаа хүнд хүргэх хэмжээнд баяжуулж чаддаггүйтэй холбоотой гэнэ.

Монголын газар нутагт түүх соёл, монголчуудын байлдан дагуулал, эртний хаант улсыг гэрчлэх, дэлхийд хаана ч байхгүй олдворууд бүхэл бүтэн цогцолбороороо хадгалагдан үлдсэн байдаг талаар Шинжлэх ухааны академийн /ШУА/ Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Төрбат хэлж байна. Гагцхүү түүх соёлын брэнд болохуйц энэ цогцолборуудыг аялал жуулчлалын үүднээс хөгжүүлж, жуулчдыг татах хэрэгсэл болгон, эргэлтэд оруулдаггүйд л дутагдал байдаг гэв.

Жишээ нь, Архангай аймгийн Их Тамир сумын нутагт 30 гаруй буган хөшөө, эд зүйлсийн цогцолбор бий. Мөн Архангай аймгийн Жаргалантын ам гэх газарт Монголын хамгийн том буган хөшөөний тахилын цогцолбор нэг дор байрладаг. 20 гаруй хөшөөтэй. Аялал жуулчлалын ерөнхий бүсээс холгүй оршдог. Энэ хоёр газарт л гэхэд археологийн судалгааг иж бүрнээр хийж дуусчээ. Судалгааг нь хийгээд бэлэн болгосон энэ цогцолборуудыг хөгжүүлж, эргэлтэд оруулах, жуулчдын маршрутыг чиглүүлэх аялал жуулчлалын компанийнхны л хийх ажил үлджээ.

Аливаа түүхт газрыг аялал жуулчлалын чиглэлээр хүссэн компани бүр ашиглах боломжгүй байдаг гэв. Археологийн судалгаа шинжилгээ хийж, он цаг, тухайн үеийн дүр зургийг гаргах шаардлагатай байдаг. Гэтэл аль хэдийн судалгаа, шинжилгээг нь хийгээд, түүхийн хэлхээг нь тайлчихсан ийм газруудыг жуулчдын маршрутад оруулах, зам даваа, дэд бүтцийг сайжруулах талд төрөөс ч анхаарах хэрэгтэй юм байна.

Уг нь Уг нь ШУА-ийн археологич Н.Эрдэнэ-Очир яг энэ орон зайг олж харан,  Монголын нутгийг бүрэн судалж, “Монгол орны түүх археологи байгалийн дурсгалын үндсэн маршрут” бүтээлээ гаргажээ. Монголын томоохон түүхэн дурсгал, олдвортой газрыг тодорхойлон, маршрутын дагуу газрын зурагт тэмдэглэсэн байна. Улмаар түүхэн газрын тайлбар, сүүлийн үеийн судалгаа гээд цогц мэдээллийг багтаасан бүтээл гаргажээ. Тэрбээр “Уг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бэлээхэн толь бичиг гаргасан байхад тэр дагуу дэд бүтцээ тавьж, жуулчдын маршрутыг чиглүүлэх хэрэгтэй” гэлээ. Гэвч одоог хүртэл холбогдох мэргэжилтнүүд ямар нэг хариу өгөөгүй байна. Хэрвээ энэ маршрут албан ёсных болоод, дэд бүтэцтэй болчихвол жуулчид номоос харж, Монгол орны хамгийн том, сонирхолтой гэсэн түүхт газар руугаа түвэггүйнхэн хүрэх боломжтой аж.   

Ийнхүү түүхэн дурсгалт цогцолбороор дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж их бий гэв. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаас Түрэгийн үед холбогдох морьтой оршуулга олдсон билээ. Энэ нь Монголоос өөр оронд байхгүй, дэлхийд гайхагдах түүх соёлын үнэт олдвор юм байна. Үүгээр ч зогсохгүй Түрэгийн хоёрдугаар хаант улсын бүх хаад, ноёдын онгон, цогцолбор, гэрэлт хөшөө Монголын нутагт байрладаг хэмээн археологчид онцлов. Ялангуяа Орхон, Тамир, Туулын хөндийгөөс олджээ. Язгууртны 90 гаруй онгон, жирийн иргэдийн 2-3 мянган онгон олдсон байдаг юм. Түрэгийн үеийн олдвор Монголоос өөр хаана ч байхгүй хэмээн археологич онцолж байна. Энэ ч үүднээс Түрэгийн үеийн олдворуудыг Турк Улстай хамтран эксперт хийж, цаашид музей байгуулж, жуулчдыг татах газрыг нэмэхээр ажиллаж эхэлжээ.

Одоогоор жуулчдын урсгал чиглэдэг, брэнд болчихсон түүхэн газар гэвэл тоотойхон байдаг гэв. Орхоны хөндий, Хархорум, Хөшөө цайдам гэх газрыг л бусад түүхт цогцолборыг бодвол эргэлтэд оруулж чаджээ. Энэ мэтчилэн зөвхөн төр, улсын гарыг харалгүй аймаг бүр нутгийнхаа дурсгалт газрыг аялал жуулчлалын компани, археологчидтой хамтран жуулчдын бүс болгох боломж бий юм байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж