Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн газар тариалангийн төв бүсийн 579 мянган га талбайд хөрсөд хамгийн сүүлд зургаан жилийн өмнө шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр тариалангийн хөрс хагас өлсгөлөнгийн байдалд хүрч, ялзмагийн хэмжээ нь 1.9 хувьд хүрсэн нь тогтоогдсон байх юм. Энэ нь тариаланчид талбайгаа заавал бордож, тордох. Мөн тариалалтдаа орчин үеийн шинэ техник, технологийг ашиглах шаардлагатай болсныг харуулсан хариулт хэмээн судлаач Ж.Намбар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, гэмтэж, шим тэжээлээ алдсан хөрсдөө цаашид үргэлжлүүлэн үр тариа, хүнсний ногоо таривал ургах буудай нь цавуулаг багатай, үйлдвэрлэсэн гурил нь урсаж шингэрдэг, ногоо нь ямар ч шим тэжээлгүй байх юм. Улсын Их Хурал өнгөрсөн нэгдүгээр сард Тариалангийн тухай шинэ хуулийн төслийг баталсан. Энэ хуулийн 18.3 дугаар заалтад тариалангийн технологи ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж, үржил шимийг хамгаалсан, чийгийг багасгасан, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль экологид сөрөг нөлөөгүй, орчин үеийн техник технологийг ашиглах ёстойг заасан байна. Харин 18.4 дүгээр заалтад тариалангийн талбайн хөрсийг хагалж боловсруулахыг хоригложээ. Гэхдээ зайлшгүй хагалж тариалалт хийх шаардлагатай усалгаатай талбайн хөрсийг хагалж тариална. Мөн ногоон бордоон таримал тарихын тулд хөрсөө хагалж болно гэжээ.
Төр нэг удаа хөрөнгө гаргаж, тариаланчдын талбайн хөрсийг бордох, арчлах ажлыг одоогоос таван жилийн өмнө зохион байгуулжээ. Харин Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланч бүр таван жил тутамд заавал тариан талбайн хөрсөө тордож, бордон шим тэжээлийг нь сайжруулах шаардлагатай гэж тусгасан байна. Иймээс ч Тариалан эрхлэлтийг дэмжин сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлж, тонн нь нэг сая 100 мянган төгрөгийн өртөгтэй импортын бордоог 60 хувь хөнгөлж, нэг тонныг нь 400 мянган төгрөгөөр нийлүүлж буй юм. Ингэхдээ тариаланчдаас 300 мянган төгрөгийн урьдчилгаа авч, үлдсэн 100 мянган төгрөгийн намрын ургац хурааж авсны дараа авах нөхцөл тавьсан. Цаашид дотоодын компаниуд нэг жилд шаардагдах 150-170 мянган тонн бордоог үйлдвэрлээд хэрэгцээгээ хангаад байвал салбарын яам нь үйлдвэрлэгчид, тариаланчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Монгол Улсад бордоо үйлдвэрлэх малын өтөг, бууц буюу түүхий эдээр баялаг. Энэ нь хямд өртгөөр тариалангийн хөрсийг тордох, бордоог үйлдвэрлэх боломж их гэсэн үг. Гагцхүү шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийн арга, технологио тодорхойлох шаардлагатай аж.
Жишээлбэл, “Монгол экологийн бордоо” компани ХААИС-ийн эрдэмтдийн инновацийг ашиглан бордооны үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр цаашид тогтвортой ажиллавал дотоодод шаардлагатай бордооны 30 хувийг үйлдвэрлэх юм. Нэг жилд 30-50 орчим мянган тонн органик эрдэст бордоог үйлдвэрлэнэ гэж “Монгол экологийн бордоо” компани тооцоо гаргажээ. Тариаланчдадаа дотооддоо үйлдвэрлэсэн органик бордоог хямд үнээр нийлүүлбэл Монгол Улсын газар тариалангийн ядууралд орсон хөрс сэргэнэ. Мөн тэжээл авсан ургамлын чанар 20-40 хувиар сайжирч, буудайн цавуулаг нэмэгдэх юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД