“Юун хөх тэнгэр” болох вий!

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

“Юун хөх тэнгэр” болох вий!

Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бий гэх  зүйрлэл өнөөдөр хоосон хийрхэл төдийхөн болсон бололтой. Үндсэн хуулийн манаачид өнөөдөр улстөрчдөөс уяатай “нохой” болсон бололтой. Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, Төрийн ордноос дуулдаж буй шивнээ, улс төрийн хүчнүүдэд өрнөж буй тохиролцоо, толхилцохоос харвал 22-нд хуралдах Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт хэзээний гарчихсан юмсанж. МАН пропорциональ тогтолцооны эсрэг тууштай зогсож ирсэн. Ингэхдээ Үндсэн хуулиар олгогдсон УИХ-д өөрийн төлөөллийг шууд сонгох, шууд сонгогдох эрхүүдийг хааж байна гэж тайлбарладаг. Харин гадны жишгийг баримталж, аль болох пропорциональ руу явуулж, жалга довын үзлийг арилгахыг хичээж ирсэн ч энэ удаад өөрсдийнхөө дотоод тэмцэл, зөрчлөөс болоод хойш алхаж байна.

Ардчилсан намын ҮЗХ хэвлэлд бичээд байгаа шиг ширүүн болоогүй ч тавдугаар сарын 9 хүртэл хэд хэд хуралдахаар төлөвлөж, Сонгуулийн хуулиар хоног, хугацаа заасан зүйлсийг шийдвэрлэж байна.

Гэхдээ Н.Алтанхуягийн адил З.Энхболд намын их хурлаараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээгүй. Энэ нь “Адаар ааштай”, “дарангуйлагч” гэхчлэн намынхан нь тодотгох болсон УИХ-ын даргыг хэнийг жагсаалтад хэдэн эрэмбэлэх вэ гэдгийг сонгоход чөдөр болж байна. АН дахь фракциудын төлөөлөл өөрсдийг жагсаалтын хойгуур бичвэл даргын суудалтай ярих асуудлыг сөхөх учраас З.Энхболд шалуулж байна.

МАН бол ойлгомжтой. Намынх нь рейтинг тааруу, лидерийн хомсдолд орж, өв залгамжилсан залуусаар өөрсдийнхөө өнгийг хийж яваа тэдэнд жижиг мажоритарийн жижиг тойрогт мөнгөө цацаад гараад ирэх нь хавьгүй амар санагдаж буй нь ойлгомжтой.

Ийнхүү хоёр хүчний өөр өөр ашиг сонирхол нэг цэгт төвлөрч байх шиг. Харин үүнийгээ гүйцэлдүүлэхдээ Цэцийг ашиглах төлөвлөгөө буйг ажиглагчид, эх сурвалжууд илчилж байна.    

Үндсэн хуулийн Цэцэд ямар өргөдөл гаргасан бэ гэхээр Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 буюу “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг. Хорин нэгдүгээр зүйлийн “2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”. “3. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан.

Энэ асуудлаар 2012 онд маш олон хүн Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан ч иргэн Н.Ариунболдын өргөдлийг гэхэд л маргаан үүсгэхээс татгалзсан тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж. Цэцийн гишүүний өргөдлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн шийдвэр нь магадлал болж явдаг. Хачирхалтай нь Цэцийн дүгнэлт, гаргасан шийдвэрүүдийг байршуулсан цахим мэдээллийн санд энэ талаарх өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн шийдвэр нь алга. Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-ын 4-т “уг маргааны талаар Цэцийн урьд  гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа” бол Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана гэж заажээ.

Тиймээс Цэц маргааш Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж шийдвэр гаргавал Үндсэн хуулийг хамгаалах зарчмынхаа эсрэг ажиллаж байгаа болж таарна. 

Ер нь Цэц Үндсэн хуулийг яг таг баримтлахаас илүүтэй улстөрчдийн захиалгаар асуудлыг шийдвэрлээд байх шиг. Шүүх байгуулах тухай хуулийг л гэхэд батлагдсан даруйд нь буюу шинээр шүүх байгуулж, шүүгч шалгаруулж мөнгө үрэхээс нь өмнө Үндсэн хууль зөрчиж байна гэсэн өргөдлийг хүлээж аваагүй хэр нь хэрэгжээд хэдэн тэрбумаар тооцогдох мөнгө зарсных нь дараа Үндсэн хууль зөрчиж байна гэж өөрсдийнхөө шийдвэрийг няцаасан. Үндсэн хууль өөрчлөгдөөгүй байхад тэр өдрийн тэнгэр мэднэ гэсэн шиг ийм эргэж буцсан, өөрсдийнхөө үзэмжээр шийдвэр гаргаад буй нь далдаас удирдуулж байна гэж хардахаас өөр аргагүй. Уг нь “Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг ч амьдрал дээр “юун гуя” болсон бололтой.

Маргаашийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт Цэцийн дээр хөх тэнгэр байдаг уу, хөлөө унжуулаад улстөрчид сууж байна уу гэдгийг харуулна.

Хэрэвзээ Сонгуулийн хууль Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийг харвал “юун хөх тэнгэр вэ?” гэж даапаалмаар санагдавч үнэндээ Монголын эмгэнэл тэр болно гэдгийг муу Л.Нарантөгсөөр хэлүүлэх юун. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж