Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров энэ сарын 14-нд айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.
Энэ хөтөлбөрт гарын үсэг зурснаар нэлээд удаан хугацаанд яригдсан төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн талаар Засгийн газар хоорондыг хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан ажил болгох, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хил залгаа бүс нутгуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, яармаг худалдаа, үзэсгэлэн зохион байгуулах юм байна. Мөн Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын зүгээс энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, ОХУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах зэрэг асуудал багтаж байгаа.
Айлчлалын үеэр хоёр улсын Төв банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулах сонирхолтой байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн илэрхийлсэн. Түүнчлэн энэ онд Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах, “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг батлах чиглэлээр ажиллахаар тохиролцсон юм.
Т.НОМИН