-Байнгын хорооны дэмжлэгтэй уг төсөл УИХ-д орж ирэх нь өнөө юу, маргааш уу гэсэн цаг хугацааны асуудал үлдээд байна. Төслийг УИХ-ын олонх дэмжвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацааг хэрэгсэхгүй болгохын зэрэгцээ түүний сонгогдох эрх нээгдэнэ гэсэн үг-
Саарал ордны гадна өрнөсөн улс төрийн үйл явдлын чимээнд дарагдан “Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхээр ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл уучлалд хамрагдсан хүний ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран уг хуулийн наймдугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өршөөн хэтрүүлсэн тул хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцох тухай" тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо санаачилан, чимээгүйхэн хэлэлцэж, дэмжээд явсан нь өнөөдөр “гэрэлд цохигдоод” байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт уг тогтоолын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг нь нийтдээ 11 асуудал хэлэлцэх ёстой байжээ. Бүтэн өдөржингөө сунжирсан тус байнгын хорооны хуралдааны дундуур гэнэт л дээрх тогтоолын төсөл орж ирсэн даруйдаа “ногоон гэрэл”-ээр дэмжигдээд явсан байх юм. Тиймээс байнгын хорооны дэмжлэгтэй уг төсөл УИХ-д орж ирэх нь өнөө юу, маргааш уу гэсэн цаг хугацааны асуудал болоод байна. Төслийг УИХ-ын олонх дэмжвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацааг хэрэгсэхгүй болгохын зэрэгцээ түүний сонгогдох эрх нээгдэнэ гэсэн үг.
Үнэндээ энэ бол эвсэх нэрээр МАН-ыг араар нь тавьсан МАХН-ын даргын АН-тай хийсэн том тохиролцоонуудын нэг байсныг хэн мэдлээ. Ямар ч байсан ийм тогтоолын төсөл УИХ дээр удахгүй хэлэлцэгдэхээр хүлээлгийн өрөөнд байна.
Н.Энхбаярын ял хэзээ дуусах вэ?
2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаярыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3 болон 263.2-оор буруутган, долоон жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 150.3 бол хүнд гэмт хэрэгт, харин Эрүүгийн хуулийн 263.2 бол хүндэвтэр гэмт хэрэгт үйлдэгдсэнд тооцогддог аж. Хуульчийн тайлбарлаж байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр гарснаас эхлэн таван жил үргэлжлэх тул энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд таван жилийн хугацаа дууссаны дараа ялгүйд тооцох хуультай юм байна. Тэгэхээр Н.Энхбаярын шүүхээс шийтгүүлсэн 2012 оноос эхэлж тообол, ялтайд тооцох хугацаа нь ирэх 2017 оны наймдугаар сард дуусна. Тэр хүртэл Н.Энхбаярт сонгогдох эрх байхгүй гэсэн үг.
Хуулиас давсан тогтоол гэж үгүй
МАН, МАХН нэгдэх асуудал өндөр авангуут АН-ын зүгээс Н.Энхбаярт сонгогдох эрхийг нь амалж, эвслийг задлах оролдлого хийсэн байж болох талтай. Эрх баригчдын хувьд Н.Энхбаярын сонгогдох эрхийг хүч түрээд УИХ-аар шийдүүлдэг юмаа гэхнээ Ерөнхийлөгийн зүгээс хориг тавих эрхтэй. Тэгээд ч хуулиас давсан тогтоол гэж үгүй.
Өнгөрсөн 2015 оны наймдугаар сард УИХ-аас ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулиар ялтайд тооцох хугацааг өршөөсөн ч харин Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр ял шийтгүүлсэн хүмүүст аль ч хэлбэрийн өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилсан билээ.
Гэхдээ энэ бүхний цаана Н.Энхбаярт ийм амлалт өгч эвслийг задлах гэсэн АН-ын арга заль явж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан МАН-тай хийсэн тохиролцоогоо үзэглэж амжаагүй байхдаа эвдсэн Н.Энхбаяр Өмнөд Солонгосоос ирсэн даруйдаа АН-ын даргатай уулзсан гэсэн явган яриа саарал ордоноос сонсогдож байна. Хэрэв энэ үнэн бол АН-ынхан Н.Энхбаярт ямар өртэй вэ?
Тэгэхээр Н.Энхбаярт “үйлчлэх”-ээр Хууль зүйн байнгын хорооны дэмжлэгтэйгээр УИХ-д орж ирж байгаа тогтоолын төслийг УИХ хэрхэн яаж шийдвэрлэх, хэн ямар кноп дарахыг харах л үлдэж байна.
Ж.ЭРХЭС