ОХУ-ын шоронд хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченког суллах асуудлаар хоёр орны лидерүүд тохиролцоонд хүрснийг Украины ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгджээ. Надежда Савченког Украины талд олзлогдсон ОХУ-ын тусгай албаны хоёр ажилтнаар солилцох ажээ.
2014 онд Украины зүүн мужаас ОХУ-ын цэргүүдийн баривчилсан Надежда Савченкод хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргээр ОХУ-ын шүүх 22 жилийн ял оноосон юм. Надежда Савченког баривчилж, хорьсон нь Украинчуудын эсэргүүцэлтэй тулгарсан.
Украины ерөнхийлөгч Пётр Порошенко ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярилцсаныхаа дараа "Надежда Савченког суллах асуудлаар бид тохиролцоонд хүрсэн гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.
Савченко өнгөрсөн сараас эхлэн өлсгөлөн зарлаад байсан билээ. Харин өмгөөлөгч нь түүнийг өлсгөлөн зарлалтаа зогсоохоор болсон гэж ярьжээ. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Савченког суллахыг шаардаж буй АНУ болон барууны шахалт, шаардлагаас залхаж байгаагаа илэрхийлсэн юм.
Лавров Францын Гадаад харилцааны сайдтай уулзах үеэрээ “ОХУ дах хүний эрхийн тухай асуудлыг сөхөхөөр манай АНУ, барууны түншүүд зөвхөн Надежда Савченкогийн тухай л ярьж байна. Амиа алдсан хоёр сэтгүүлчийн тухай хэн ч дурсахгүй байна” гэжээ.
2014 оны зун ОХУ-ын талынханд баривчлагдах үедээ Украины нисгэгч Надежда Савченко Луганск мужид сайн дурын батальонд салан тусгаарлагчидтай тулалдаж байжээ. Москвагийн тал түүнийг салан тусгаарлагчдаас зугатаж яваад Оросын хилийг зөрчсөн гэдэг бол Украины тал ОХУ-ын цэргүүд түүнийг хулгайлж, хил давуулсан гэж буруутгаж байгаа юм.
Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Савченког хэзээ суллагдахыг дурьдаагүй боловч В.Путин түүнийг эх оронд нь буцаахад өөрийн хувийн онгоцоо явуулна гэж амласан гэжээ.
Н.ЭНХ