-Гантай үед үүл буудаад бороо оруулчихдаг шиг нэг удаагийн үзэгдлээр усалгаа хийгээд “ухаалаг төр”-тэй болчихгүй, энэ нь тийм ч амар явахгүй зүйл гэдгийг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг УИХ хэрхэн хүлээж авснаас харж болно-
Төсвийн орлогынхоо дийлэнхээр төрөө санхүүжүүлдэг монголчуудын төрийн тухай төсөөллийг “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх уриалга ихээхэн өөрчилж, шинэ хэмжигдэхүүнийг бий болгосон шиг санагддаг. “Хийдэггүй, хэлдэг” гэдэг шүүмжлэлээр өөлүүлдэг Ерөнхийлөгчийн 2013 онд гаргасан дээрх уриалга төрийг үнэлэх шинэ “хэмжигдэхүүн”-ийг бий болгосон нь уг нь үг биш үйлдэл байв. Энэ нь үйлдэл байсан учраас аандаа үйл явц болон өргөжсөнийг нийгмийг тодорхой хэсэг анзаарч, үүнийхээ хэрээр сайшааж, шүүмжилж буй.
Цаашдаа хэрхэн яаж ухаалаг төртэй болохыг, үүний төлөө юу хийх ёстойг бодлого хэрэгжүүлэгчид тухайн үед төдийлөн сайн төсөөлөөгүй ч “ухаалаг төр” гэх хэлцийг юм бүхэнд ишилж, энэ зүгт зорих эрмэлзэлтэй нь анзаарагддаг байв. Гэвч ухаалаг төртэй болохыг “үүл буудаж бороо оруулах” шиг нэг удаагийн гэнэтийн үйл явдлаар шийдчих боломжгүй гэдгийг харин дэмжигчдийн хэчнээн нь тэр үед мэдэж байсан бол?
Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн уриалгын хэрэгжүүлэх хүрээнд сайд, дарга нарын зөвлөхийн орон тоо алга болж, “том төр” гэдэг нь давын өмнө өндөр албан тушаал, шаардлагагүй орон тоог хэлж байгааг мэдрүүлэв. Зөвлөхгүй болсон дарга, ажилгүй болсон зөвлөхүүд эсэргүүцээгүйг бодоход хүлээн зөвшөөрсөн хэрэг биз. Харин дараахан нь 2013 оны 12 дугаар сараас УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж буй эрхмүүдийн арьсан дээр “аюул” мэдрэгдэх шиг болсон байх. Нүүрэн дээрээ зөвийг нь хэлэх боловч, нидэр дээрээ үүнийг зөвшөөрөх амаргүй байсан биз. “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална”, “Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болохгүй” гэх заалт бүхий Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн ширээ дамжаад гурван жил болж байгаа ч батлагдаагүй өнөөдрийг хүрсэн юм. Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр уг хууль батлагдвал 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж тухайн үед үзэж, өөрсдийн бүрэн эрхийн хугацаанд давхар дээлээ тайлахгүй хүсэлгүйгээ харуулж байсан бол сөрөг хүчин МАН-ын гишүүд батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байлаа. Хэрэв хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжвэл олон сайд ажлаа өгөхөд хүрэх байв. Улмаар он дамнуулан хэлэлцсэн төслийг 2014 оны хаврын чуулганаар бүр унагаж орхив. “Ухаалаг төр рүү явах нь зүйтэй ч үүнийг шуурхай шийдвэрлэх боломжгүй” гэсэн мэдэгдлийг парламентад суудалтай хүчний зүгээс хэлж байсан удаатай. Нэгэнт УИХ-аар дэмжихгүй боломжгүй гэж үзсэн хуулийн төслийг санаачилагч дахин өргөн барих бололцоогүй. Эхний алхам хана мөргөсөн нь энэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацааныхаа эхэнд дээрх санаачилгыг гаргасан хэдий ч бүрэн эрхийн хугацаа нь шувтарч байхад “ухаалаг төр” рүү ойртуулах учиртай нэлээн хэдэн хуулийн төслөө УИХ-аар батлуулж чадаагүй байгаагийн нэг нь дээрх “давхар дээл” тайлах төсөл. Үүнтэй нэг адилаар УИХ-ын хэлэлцүүлэг дамжиж явсаар дэмжлэг авч чадаагүй хэд хэдэн хуулийн төсөл бий. Өнгөрсөн намрын чуулганд өргөн барьсан Улс төрийн намуудын тухай хууль, одоо ч хэлэлцсээр байгаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр… гэх мэт.
Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудаас батлагдсан, бараг л цорын ганц хууль нь Шилэн дансны тухай хууль. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай Монголын төр хэчнээн үрэлгэн болохыг, албан тушаалтнууд хэрхэн хөрөнгийг захиран зарцуулдгийг нэвт шувт харуулж эхэлсэн юм. Энэхүү дансны мэдээлэл эрх мэдлийн хяналтыг бий болгож, төрийн, төсвийн өмч хөрөнгийг хянах бололцоог иргэдэд бүрдүүлж өгсөн юм. Сүүлдээ “шилэн” иргэдийг ч төрүүлж эхэллээ. Хуулийг мөрдөх тал дээр байгууллагууд харин ч сайн ажиллаж, хулгайчгүй Монголын төлөө хэр хэрдээ хувь нэмрээ оруулаад явж байна.
Түүнчлэн батлагдсан хуулийн нэг нь Нийтийн сонсголын тухай хууль. Мөн л энэ оны анхны өдрөөс хэрэгжүүлж эхлүүлэхээр заасан. Хуульд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.
Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай болох юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно гэх зэргээр заасан.
Харин өдгөө жил гаруй УИХ дээр дарагдаж байгаа хариуцлагын тухай хуулийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй. Энэ хуулийн төслийг улстөрчид тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Учир нь хэрэв батлагдчихвал төрийн сонгуульт болон томилгоот төрийн өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээнэ. Үндсэндээ улс төрийн соёл бий болно гэсэн үг. Гэвч улстөрчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас “ашиг сонирхлын зөрчилтэй” шийдвэр рүү тийм ч амархан дайрч орохгүй нь бололтой. Нийтийг хамарсан хуулийг бол ар, өврийн хаалгаар оруулж ирж батлууллаа гэдэг мөртлөө өөртэй нь холбоотой, идэж, уух хүслийг нь “хүчээр” таслан зогсоох заалттай бол батлах байтугай хэлэлцэхээс хойш тавьсаар байгаа хэрэг.
Тэгэхээр гантай үед үүл буудаад бороо оруулчихдаг шиг нэг удаагийн үзэгдлээр усалгаа хийгээд “ухаалаг төр”-тэй болчихгүй, энэ нь тийм ч амар явахгүй зүйл гэдгийг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг УИХ хэрхэн хүлээж авснаас харж болно. “Ухаалаг төр” маань хаана байна гэж хэрэв Ерөнхийлөгчөөс ам асуувал УИХ түүний өмнөөс тайлбар хийх ёстой ч юм уу?
Уг нь энэ төрийг энд тэндээс нь, том жижиг асуудлаас нь бид бүгдээрээ хамтдаа засч залруулж байж л ухаалаг төлөвт шилжүүлэх ёстой байх. Төрийг ухаалаг болгохын тулд өдгөөгийн том төрийг тодорхойлж буй шинж тэмдгүүдээс нь эхлээд засвар хийх ёстой учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд олон олон асуудал руу орж гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрээрээ шийдвэр гаргагчид, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн ашиг соинирхолтой зөрчилдөж, амаа таглуулсаар байгаа юм болов уу даа?
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН