Шинзо Абе ээлжит бус сонгууль зарлах уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Шинзо Абе ээлжит бус сонгууль зарлах уу?

Японы Кюшү аралд болсон газар хөдлөлтийн гамшгаас үүдэн ерөнхий сайд Шинзо Абе парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж магадгүй хэмээн “Санкей” сонинд мэдээлжээ.

Шинзо Абе парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийг ирэх долдугаар сард болох дээд танхимын санал хураалттай цуг зарлаж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна. Гэвч давхар сонгууль явуулах газар хөдлөлтийн гамшгийн дараа эдийн засгаа сэргээхээр хичээж буй орон нутагт хүндрэл учруулна хэмээн “Санкей” сонинд бичжээ.

Японы Кюшү аралд өнгөрсөн пүрэв гаригаас хойш хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлснөөс 44 хүн амь үрэгджээ. Газар хөдлөлтөд  орон гэрээ алдсан 100 мянга орчим хүн одоог хүртэл түр хорогдох байруудад хоноглож байна.

Үүний зэрэгцээ Японы засгийн газар эн тэргүүнд газар хөдлөлтийн гамшгийг хэлэлцэх шаардлагатай тул Транс-Номхон далайн түншлэлийн (TPP) худалдааны гэрээг хойшлуулж магадгүй гэнэ. Уг гэрээг Японы парламентын дараагийн чуулган хүртэл хойшлуулах бололтой. Японы парламентын чуулган ирэх зургадугаар сарын 1-нд завсарлах аж.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж