Эквадор улсад 7.8 магнитудын газар хөдлөлт болсноос хойш гурав хоног өнгөрсний дараа амь үрэгдсэн хүний тоо 507 болсон байна. Түүнчлэн 1700 хүн ор сураггүй болсныг ар гэрийнхэн нь мэдээлжээ. Сураггүй болсон хүмүүс нурангид даруулаад олон хоног болсон тул амьд байх найдлага тасарч ар гэрийнхэн нь санаа зовж, бухимдаж байна. Үнэрч нохой, механик хайгчийн тусламжтайгаар аврагчид өдөр шөнөгүй нуранги ухаж, хүмүүсийн цогцосыг гаргаж ирсээр байгаа аж. Эквадорын аврах ажиллагаанд туслахаар Колумб, Мексик, Эль-Сальвадор, Испани болон бусад олон орноос аврагчдаа илгээжээ.
Газар хөдлөлтийн голомтод ойр Педерналес, Манта хотын байшин барилгууд ихээр нурж сүйдсэнээс олон мянган хүн орон гэргүй болжээ. Гамшгийн дараа оршин суугчид ундны усны хомсдолд орж, гэрэл цахилгаанүй болсон байна. Үүний дээр шумууланд хазуулж, бохир ус ууж байгаагаас иргэдийн дунд Зика гэх мэт халдварт өвчин тархах аюул нүүрлэжээ. Үүний эсрэг олон улсын байгууллагууд майхан, шумуулны тор зэргийг Эквадорын ард түмэнд илгээж байна. Газар хөдлөлтийн гамшигт 150 мянга гаруй хүүхэд өртсөн байх магадлалтайг “UNICEF” мэдээлэв.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА