-Харамсалтай нь нэг нас хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал одоо ч тодорхой шийдэлд хүрээгүй байна-
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хөгжиж буй орнуудын хувьд одоо ч түгээмэл байсаар байгаа өвчний нэгээр улаанбурханыг нэрлэжээ. Хэдийгээр вакцин нь харьцангуй хямд үнэтэй боловч бага насны хүүхдүүдийн нас барах гол шалтгаан болсон хэвээр. Энэ өвчнөөс болж 2014 онд л гэхэд цаг тутам 13 хүүхэд (жилд 114900 хүүхэд) хорвоог орхиж байна гэсэн судалгааг ДЭМБ гаргажээ. Улаанбурхан нь paramyxovirus-ын бүлгийн вирусээр үүсгэгддэг бөгөөд хүрэлцэх болон агаар дуслын замаар халдварламтгай өвчин юм. 2014 оноос дэлхий нийтээр нэг нас хүрч буй хүүхдүүдэд вакцинжуулалт хийж эхэлснээр жилд 546800 хүүхэд нас бардаг байсан хэмжээг 79 хувиар бууруулж, 114900-д хүргэжээ.
Огт дархлаажуулалт хийгдээгүй хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд, аль эсвэл вакцин хийлгэсэн боловч дархлаа тогтоогүй хүмүүс энэхүү өвчнөөр өвдөх эрсдэл өндөр. Өмнө дурдсанчлан хөгжиж буй орнуудад энэхүү өвчин их тохиолдож буй бөгөөд эдгээр улсын ихэнх нь Ази, Африк тивд хамаарна. Нийт тохиолдлын 95 хувь нь дундаж орлого болон эрүүл мэндийн дэд бүтэц доогуур улсуудад байдаг байна.
Улаанбурхан болон улаанууд өвчний эсрэг дэлхийн стратегийн төлөвлөгөө
Бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог улаанбурхан болон улаанууд өвчнийг бууруулахын тулд 2012-2020 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталсан бөгөөд энэ нь хоёр үе шаттай аж.
1. 2015 оны төгсгөл үе гэхэд:
-2000 оны түвшинтэй харьцуулахад нас баралтын тоог 95 хувиар бууруулах
-улаанбурхан болон улаанууд өвчний ургийн үеийн халдварыг бууруулах
2. 2020 оны төгсгөл үе гэхэд:
-ДЭМБ-ын таван бүсэд улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг бууруулах
Манай орны хувьд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчнүүдээс сэргийлэх вакциныг есөн сартай болон хоёр настайд нь нийт хоёр удаагийн тунгаар хийж байна.
2000 он гарснаас хойш Ази тивийн гурван орон болох Япон /2007/, Филиппин /2014/ болон Израиль /2007/ улсуудад улаан бурханы дэгдэлт үүсч, сургууль цэцэрлэгт хөл хорио тогтоож байжээ. Энэ дундаас Япон улсад улаанбурханаас гадна улаанууд өвчин 2013 онд гарсан явдал нь Азидаа өндөр хөгжилтэйд тооцогддог, дархлаажуулалтын харьцангуй эрт эхэлсэн орны хувьд энэхүү хоёр өвчин хоёулаа ойрхон зайтай дэгдсэн нь хачирхалтай үзэгдэл болсон мэт харагдаж буй юм.
2013 онд Японд гарсан улаанууд өвчний дэгдэлтийн үеэр дөрвөн сарын дотор 5000 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Сонирхолтой нь, нийт тохиолдлынн 77 хувь нь 20-иос дээш насны эрчүүд байжээ. Энэ нь тус улсын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлоготой нь холбоотой юм. Учир нь, Япон улс нь 1970 оноос хойш энэхүү өвчний эсрэг дархлаажуулалтыг улсдаа оруулж ирсэн бөгөөд 1976 оноос нэгдсэн журмаар улсын хэмжээн дэх сургуулийн насны бүх охидыг дархлаажуулалтад хамруулжээ. Тухайн үед одоо манай оронд хэрэглэгдэж буй нэг дор гурван өвчний эсрэг дархлаа тогтоодог вакцин нэвтрээгүй байсан учир зөвхөн улаанууд өвчний эсрэг нэг удаагийн тун бүхий вацинжуулалтыг 13 жилийн туршид хийсээр л байсан байна.
Хүйсээс хамаарч халддаггүй энэхүү өвчний эсрэг дархлаажуулалтыг хийхдээ бүхэл бүтэн нэг хүйсний бүх хүмүүсийг дархлаажуулалтаас хассан нь шударга бус байж болох ч энэ нь төрөөгүй хүүхдийг халдвар авахаас сэргийлэх зорилготой буюу ирээдүйн ээж нарыг хүүхдээ тээж байх хугацаандаа хүүхдийг нь ургийн үеийн халдвараас сэргийлэхийн тулд хийсэн сонголт байжээ.
Үүний дүнд Японы хүн амын хойч ирээдүйн эрүүл хүн болох үйл явцад эерэг нөлөө үзүүлжээ. Учир нь, жирэмсний эхний 16 долоо хоногийн хугацаанд энэхүү халдварыг авсан тохиолдолд хүүхэд зулбах, сонсголын болон зүрхний гажиг зэрэг төрөлхийн гажигтай төрөх магадлал байдаг байна.
Юутай ч энэхүү бодлогын үр дүнд өнөөдөр Японы 1-18 насны хүүхдүүд энэхүү өвчнөөс 90 хувийн баталгаатайгаар хамгаалагдсан гэсэн судалгаа бий. Тийм ч учраас 2013 онд болсон улаанууд өвчний дэгдэлтийн үеэр нийт тохиолдлын 5.6 хувь нь 15-аас доош насны хүүхдүүд байжээ.
Гэвч мартаж болохгүй хүн амын нэгээхэн хэсэг байгаа нь 1970, 1980-ад онд дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй одоо нас бие гүйцсэн эрчүүд юм. "Нью-Йорк Таймс" сонины онцолсноор тухайн үед өвдсөн эрчүүдийн дийлэнх нь 20-39 насны эрчүүд байсан бөгөөд ажлын байран дээрээ бие биенээсээ халдвар авсан байна.
Харамсалтай нь нэг нас хүрээгүй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал одоо ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тиймээс дэлхий даяараа бага насны хүүхдээ өвчнөөс сэргийлэхийн тулд хувь хүний болон асран хамгаалагчийн зүгээс тавих анхаарлаа дээшлүүлж, дархлаажуулалт хийлгээгүй бол зайлшгүй хийх шаардлагатайн дээр дархлаажуулалтад хамрагдах боломжгүй хүүхдийнхээ орчинг сайн бодолцож, олон хүнтэй газраас хол байлгах хэрэгтэй юм.
Г.СҮМБЭЭ