Зоригтой зорилгын золиос

Хуучирсан мэдээ: 2016.04.20-нд нийтлэгдсэн

Зоригтой зорилгын золиос

Алсыг харсан ардчилсан тэмцлээ тэрбээр хэдхэн сороод л ишиндээ тулах тамхи шиг хоромхон зуурынх байсан гэж төсөөлөөгүй биз ээ. Түүний тэмцэж, ярьж, сэтгэж, шаналж, бас бачуурч явсан тэр бүхэн жилээс жилд хүйтэн чулуун хөшөө шиг нь хөрсөн мэт хааяа санагддаг. Эрх чөлөөний төлөө дарангуйллын эсрэг, бусдын заавраар бус өөрсдийн мөнчгөрөөрөө асуудлаа шийдэж, алдсан, оносон ч өөрсдийнхөөрөө байхыг тэр төсөөлснөөс бус өнөөгийнх шиг бүлэг, нам нэрээр ашиг сонирхлоороо нэгдсэн, халаас нэгтэй нөхдүүд шиг, хэн дуртайгаа хэнд ч мэдэгдэлгүйгээр хорьж, шийтгэдэг байхын төлөө зоригтойгоор тэмцээгүй гэдэгт бат итгэлтэй байна. Тэр тусмаа эхнэрийг нь “эрүүднэ” гэж зүүдлээгүй л байлтай.

Монголын ардчилсан хувьсгал, хувьсгалын дараах том үзэгдэл нь яах аргагүй С.Зориг байсан гэдэгтэй хэн ч өнөөдөр маргахгүй. Түүнгүйгээр өнгөрөөсөн он жилүүд харин түүний нэрийг худалдагдахад л зориулагджээ, эргээд харахад.

Үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ өөрийнх нь эсрэг талд ямагт зогсож ирсэн МАХН /өнөөгийн МАН/-ын 2004 онд сонгуульд ялах хөзөр нь С.Зориг болно гэж хэн мэдэх билээ. Түүний хэргийг илрүүлнэ гэж гадаад орноос Д.Энхбат агсныг хулгайлан авчруулж, хилсээр эрүүдэн шүүж, эрүүл мэндийг нь хохироогоод үхлээс өөр сонголт үлдээлгүйгээр орхисон “гавъяа” нь УИХ-д олонх болсон явдал. Сонгуульд ялахын тулд тэгж л хэрэгт холбогдолгүй хүний амиар тоглосон.    

Харин өнөөдөр таван сар мөрдөнд хоригдож буй С.Зоригийн гэргий Б.Булган “Би Монголын улс төрд байгаа зөрчлийн үзүүрт, хэн нэгний тэмцлийн золиос болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж бухимдан хэлсэн талаар Лу.Болд гишүүн ярьж байна. 

Түүнийг 18 жилийн дараа яагаад баривчлав гэдэг сонин. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Булганыг хорихоос илүүтэй хамгаалалтад авсан гэх мэдээлэл бий. Учир нь, Дарханаас хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан төдийгүй, тэднийг хэргийг үйлдсэн гэдгийг нь тогтоосон тухай ч дам яриа байна.

Магадгүй энэ нь сонгуулийн өмнө тэслэх Ардчилсан намын бөмбөг байж ч мэдэх юм. Тиймээс л Б.Булганыг хамгаалалтад авсан гэж тойруу утгатай үгийг зарим албан тушаалтан унагах болов.

Харин Б.Булганыг хорьж буй байдлаас үзэхэд тийм биш бололтой. УИХ-ын гишүүд шалан дээр суутлаа ядарч байж Б.Булгантай уулзсан гэдгээ нуусангүй. Энэ нь хэрэг ямар нууц төвшинд, хэрхэн хаалттайгаар явж буйг илтгэнэ.

УИХ-ын гишүүн Лу.Болд “Бид ороод хүний эрх зөрчигдөж байгааг нүдээрээ харсан” гэж ярьжээ. С.Зориг агсны бэлбэсэн эхнэрийг эрэгтэй хоригдлуудын тэг голд нь торноос өөр халхавчгүйгээр, онцгойлон тавьсан хурц гэрлийн дор хорьж буйг УИХ-ын гишүүд ил болголоо. Гэхдээ түүнийг кинон дээр гардаг шиг 24 цагийн турш хурц гэрлийн дор хорьдог талаар ная гарсан хөгшин эх нь гомдоллон ярьж байсан. Б.Булганд сонин, ном, үзэг цаас ч өгдөггүй төдийгүй бүр ариун цэврийн хэрэгслийг нь саяхнаас өгч эхэлжээ.

С.Зоригийн хэргийн талаарх мэдээллийг эргээд нэг харвал их л сонин дүр зураг үзэгддэг.

Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ­гийг нь таньсан төдийгүй “Бол­д оо” хэмээн нэрээр нь дуудсан гэрч сураг алдарсан. Тэрхүү мэдүүлгийн мөрөөр Болд гэгчийг сурвалжилсаар олоход Дарханд хөлдөж үхсэн, цогцсыг нь задлан шинжлэхэд гадны нөлөөтэйгөөр нас барсан. Алуурчдыг харсан залуугийн нэг нь тамлуулж амиа алдсан. Хэрэг гарах үед Хууль зүйн сайд асан С.Батчулуун өвчний улмаас нас барсан гээд хэргийн гэрчүүд, холбогдолтой хүмүүс амиа алдаж эсвэл алга болдог нь энэ хэрэгтэй орооцолдоод дэмий гэдгийг харуулах гэсэн оролдлого ч юм шиг.

Гэхдээ энэ хугацаанд болсон зүйл гэвэл сонгууль болгоноор л улс төрийн намууд С.Зориг агсны татаж дуусаагүй тамхийг дуусгах гэсэн шиг “амь оруулдаг”. Хэргийн эздийг олно гэж шоуддаг болжээ.

Энэ тоолонд итгэл үнэмшилтэй байхын тулд хэн нэгнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш байгаа гэсэн бодол эрхгүй төрнө. Зориуд хэргээр шоу хийсний золиос нь С.Зориг агсан, түүний гэр бүл, найз нөхөд, монголчууд болоод байх шиг. Энэ хугацаанд ганцхан зүйл илэрсэн нь УИХ-ын үнэлэмж жилээс жилд дордсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж