Спортын сэтгүүлч Л.Үржиндорж ШАТРЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ номоо уншигчдын гар дээр бэлэн болгоод байна. Ингээд энэхүү номын талаарх мэдээллийг хүргэе.
_________________________________________________________________________________________
ШАТРЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ
Спорт, шинжлэх ухаан, урлагийн элементүүдийг нэгтгэсэн шатрын түүх, тоглолтын онол болон практикийн талаар хэвлэгдсэн үлэмж олон тооны ном, сэтгүүлийн дотор нэвтэрхий толь онцгой байр, суурь эзэлдэг юм. Монгол оронд анх удаа хэвлэгдэж буй энэхүү нэвтэрхий толь нь шатрын тухай ерөнхий ойлголтоос эхлээд шатрын гараа, дунд үе, төгсгөлийн онол, практик, шатрын стратеги, тактик зэрэг шатрын тоглолтын бүхий л хүрээг хамарсан байна.
Шатар анх үүссэн үеэс эхлэн түүхийн урт хугацаанд тодрон гарсан дэлхийн аваргууд, домог болсон нэр цуут 100 шахам шатарчдын товч намтар, шатрын өргийн эхэн, дунд, төгсгөл үедэх тэдний тоглодог арга техник, тоглолтын ур чадвар, гоёмсог комбинацтай танилцах боломжийг шатарчид, шатар сонирхогч өргөн олон Та бүхэнд олгохыг зохиогч хичээжээ.
Нэвтэрхий тольд дэлхийн шатрын олимпиадууд, дэлхийн аваргын титмийн төлөөх бүх шатны тэмцээнүүд, олон улсын уламжлалт томоохон тэмцээнүүд, дэлхийн цом болон шилдэг шатарчдын Гранпри тэмцээнүүдийн дүн, тэдгээрийн танилцуулга, шилдэг өргүүдийг багтаасан нь шатарчид, шатар сонирхогчдын танин мэдэхүйн хүрээг тэлэх ач холбогдолтой юм.
Түүнчлэн амьд шатар, шатрын эчнээ тэмцээн, түргэтгэсэн болон блиц тоглолттой холбогдох материалууд, шатрын гоц авъяастан, гиннесийн дээд амжилтууд, шатарчны зөн билэг, сэтгэл зүй, зэрэг тоглолт, цээжээр зэрэг тоглох, шатар ба шинжлэх ухаан, гэр бүл ба шатар, сургууль ба шатар, компьютер ба шатар, интернет ба шатар, шатар ба шатарчны нас зэрэг сэдэвчилсэн материалыг багтаажээ.
Олон улсын шатрын холбоо ба Монголын шатрын холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шатрын тэмцээн зохион байгуулдаг тогтолцоо, одоо мөрдөгдөж буй “Шатрын тэмцээний дүрэм” –тэй мөн танилцаж болох ажээ.
Энэ нэвтэрхий тольд Монголын шатрын хөгжлийн түүхэн замнал, дэлхийд нэрээ дуурсган монголоос төрж гарсан анхны олон улсын мастер, олон улсын их мастеруудын товч намтар, тоглосон өргүүдийн дээжис, монголын шатрын бодлого зохиомж, бодлого бодолтын спортын хөгжлийн талаарх материал оржээ.
Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч К.Илюмжиновын дэвшүүлсэн “Манай гариг дээр нэг тэрбум хүнийг шатар тоглодог болгоно” гэсэн зорилгыг биелүүлэхэд Монгол улс хувь нэмэр оруулж, “Айл, өрх бүр нэг шатарчин төрүүлье !” гэсэн уриалга гаргасныг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох үүднээс спортын сэтгүүлч, шатрын спортын дэд мастер Л.Үржиндорж энэхүү нэвтэрхий толийг бүтээсэн байна.
Саяхан “Соёмбо пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, энэхүү толь нь А-4 хэмжээний 370 шахам хуудас багтаамжтай бөгөөд 450 гаруй диаграмм, 150 шахам фото зургаар мэдээлэл нь баяжигдсан байна.
Л.ТОГООХҮҮ