-Шатрын спортоор олон жил хичээллэж байгаагийн хувьд эх орондоо болсон тивийн аваргад амжилт гаргахыг их хичээсэндээ. Үндсэн стандарт төрөлд 9 өргөөс 6,5 оноо авч Вьетнамын тамирчны араас хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн мастер цолыг авлаа-
Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт цогцолборт болсон энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд болсон юм. Тус тэмцээний охидын 18 насанд стандарт төрөлд мөнгөн медаль авсан Үүрцайхын Үүрийнтуяатай ярилцлаа. Тэрээр тэмцээний дараа эмэгтэйчүүдийн олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн мастер цолыг хүртсэн юм.
-Юуны өмнө тивийн аваргад амжилттай оролцсон таньд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Манай улсад анх удаа болсон тивийн аваргын тэмцээнд амжилттай оролцохыг их хичээж бэлтгэсэн. Гэхдээ хараахан түрүүлж чадсангүй. Үнэндээ бол алтан медаль авах зорилготой тоглосон. Мэдээж өрсөлдөгч нар маань хүчтэй байлаа. Ялангуяа Вьетнам, Энэтхэгийн тамирчид хүчтэй өрсөлдөөнийг гаргалаа. Тэмцээний сүүлийн өргийг хүртэл ямар тамирчин медальт байр шалгарах нь эргэлзээтэй байсан. Сүүлийн өргүүдийг сайн нүүснээр тивийн аваргаас мөнгөн медаль авсан. Энэтхэгийн Варшини, Т.Мөнхзул бид нарын оноо тэнцсэн. Харамсалтай нь дэлхийн аваргын медальт Варшини IV байрт орсон байгаа. Тивийн аваргад орон бүрээс л шилдэг тамирчид ирсэн. Энэ дашрамд их мастер Д.Шаравдорж багшдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.
-Тивийн аваргын өрсөлдөгч нараа хэрхэн судалсан бэ?
–2016 оны тивийн аваргын охидын 18 хүртэлх насанд нийт 18 шатарчин өрсөлдсөн. Миний хувьд чансаагаараа 2015 өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн В.Варшинигийн араас хоёрт бичигдэж байсан. Тиймээс энэхүү боломжоо алдахыг хүсээгүй. Вьетнам, Узбекстан, Ираны шатарчдаас гадна Т.Мөнхзул, Г.Болорсан нарын манай шилдэг шатарчид оролцсон болохоор өрсөлдөөн хүнд байлаа. Өнгөрсөн оны өсвөрийн ДАШТ-д Варшинитай тоглоход тэр намайг хожиж байсан. Энэ удаа ч тэр хүчтэй өрсөлдөгч хэвээр байлаа. Гэхдээ дэлхийн аваргын хошой медальт тамирчин стандарт төрлөөс медальгүй буцсан болохоор өрсөлдөөн ямар хүнд болсныг харуулсан.
Тэмцээний сүүлийн өргийг хүртэл ямар тамирчин медальт байр шалгарах нь эргэлзээтэй байсан. Сүүлийн өргүүдийг сайн нүүснээр тивийн аваргаас мөнгөн медаль авсан. Энэтхэгийн Варшини, Т.Мөнхзул бид нарын оноо тэнцсэн. Харамсалтай нь дэлхийн аваргын медальт Варшини IV байрт орсон байгаа.
-Тивийн аваргад оролцохын өмнө улсын аваргын хагас шигшээ, шигшээ, Монгол туургатны тэмцээн гээд олон тэмцээнд оролцсон. Эдгээр тэмцээнүүд таны хувьд их бэлтгэл болсон байх?
– Тиймээ. Үнэндээ бол 2016 онд оролцсон тэмцээн бүрдээ амжилттай оролцохын тулд эртнээс бэлтгэсэн. Би МУИС-ийн Бизнесийн сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Энэ жил чөлөө авсан болохоор гол тэмцээнүүдэд анхаарлаа хандуулсан. Оны эхээр болсон насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод амжилттай оролцож, шигшээд өрсөлдөх эрхийг авсан. Үнэндээ энэ тэмцээнээс эхлэн урамшиж эхэлсэндээ. Энэ жилийн УАШТ бол Бүх ард түмний спортын XIV наадмын хүрээнд Завхан аймагт болсон. Өнөө цагийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, IV байр эзэллээ. Мөн энэ тэмцээнд Т.Мөнхзул хүрэл медалийн эзэн болсон. Үүнээс хойш оюутны улсын аваргад түрүүлж, Монгол туургатны тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Бэлтгэл сайн байсан болохоор гол тэмцээнүүдэд чамлахааргүй амжилтыг үзүүлсэн.
-Таны хувьд Азийн аваргын тэмцээнд олон жилийн дараа оролцлоо гэж байсан?
-Тиймээ. Би тивийн аваргад олон жил оролцоогүй байсан. 2007 онд Арабын нэгдсэн Эмират улсад болсон тэмцээнээс VII байр эзэлж байсан. Харин өнгөрсөн онд Грект болсон өсвөрийн ДАШТ-ий 18 насанд оролцож, IV байрт орсон. Энэ удаа эх орондоо болсон тивийн аваргын тэмцээнээс гурван медаль хүртлээ. Тэмцээний дундуур болдог түргэн тоглолтоос алт, мөнгөн медаль авсан. Стандарт төрөлдөө тивдээ дэд байрт орлоо.
Шатрын спортоор олон жил хичээллэж байгаагийн хувьд эх орондоо болсон тивийн аваргад амжилт гаргахыг их хичээсэндээ. Үндсэн стандарт төрөлд 9 өргөөс 6,5 оноо авч Вьетнамын тамирчны араас хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн мастер цолыг авлаа
-Таны хувьд шатрын спортоор яагаад хичээллэх болсон бэ?
-Ээж маань 1970-аад оны үед шатрын улсын аваргын тэмцээнд оролцож хүрэл медаль авч байсан. Намайг шатар тоглоход ээж маань их нөлөөлсөндөө. Мөн өвөө багш нарт дагуулан очиж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Таван настайгаасаа эхлэн тоглосон гэхээр 13 жил болж байна. Анхны олон улсын тэмцээнд долоон настайдаа явж байсан. Энэтхэгийн Нью Дели хотод болсон дэлхийн аваргын тэр том тэмцээн санаанаас ер гардаггүй юм. Тэр үед дасгалжуулагч багшгүй явж байсан. Харин өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргын ахлах насанд орж, шагналт байранд орсон. Мэдээж энэ жилийн тивийн аваргын тэмцээн бол хариуцлагатай байсан. Энэ спортоор олон жил хичээллэж байгаагийн хувьд амжилт гаргахыг их хичээсэндээ. Тийм болохоор тивийн аваргын мөнгөн медаль надад эмэгтэйчүүдийн олон улсын шатрын холбооны мастер цолыг авчирсан.
-Бусад олон улсын тэмцээний амжилтуудыг сонсъё?
-ОХУ-ын Саха хотод болсон хүүхдийн их наадмаас мөнгөн медаль авч байсан. Дараа нь сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирсэн. Өнгөрсөн онд Грект болсон өсвөрийн дэлхийн аваргад хамгийн том амжилтаа үзүүлсэн. Энэ жил тивийн аваргад дэд байранд орлоо. Хичээлээсээ түр чөлөө аваад шатрын бэлтгэлдээ анхаарлаа хандуулсан болохоор дараагийн тэмцээндээ бэлтгэж байна.
-Дараагийн тэмцээний тухайд?
-Ирэх тавдугаар сард залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсад болно. Энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа.
Ч.БОЛОРЧУЛУУН