МАН, МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж оролцох шийдвэрийг энэ удаагийн Бага хурал, Бага чуулганаас гаргана гэсэн хүлээлт байсан ч тусдаа оролцох нь нэгэнтээ тодорхой боллоо.
Эвсэх асуудлыг бүтэлгүйтүүлсэн хэргийн эзэн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр аж. МАН, МАХН-ыг эвсэх асуудлаар хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллан, зарчмын тохиролцоонд хүрээд байсныг МАХН-ын дарга “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзэж, гурван ч асуудлыг буцааж, өөр санал тавьсан нь ийн бүтэлгүйтэх шалтгаан болжээ.
Тиймээс МАН-ыг ахлан ажлын хэсгийг удирдаж буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Бага хурлын гишүүддээ МАХН-ын тохиролцооноосоо буцсан байдлыг танилцуулж, энэ удаагийн хуралдаанаа хаах болжээ.
МАХН-ын Бага чуулган намынхаа байранд үргэлжилж байгаа бөгөөд ширүүн уур амьсгалд өрнөж буй тухай эх сурвалж хэллээ. Гишүүд нь МАН-тай эвсэж УИХ-ын сонгуульд оролцох ёстой байсан, ажлын хэсгийн төвшинд амжилттай явж байсан асуудлыг намын удирдлага гацаалаа гэж буруутгасан бол МАН-тай эвсэх шаардлагагүй гэж байр суурь илэрхийлэх гишүүн ч байгаа аж.
Г.ХОРОЛ