Ч.Хүрэлбаатар: МАХН тохиролцооноосоо буцлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: МАХН тохиролцооноосоо буцлаа

МАН, МАХН-тай эвсэх асуудлаар хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажилласан ч МАХН-ын зүгээс тохиролцооноосоо буцаж эхэлсэн талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Ажлын хэсгийн төвшинд тохирсон асуудлаар мэдээлэл хийснээс хойш нэлээд олон үйл явдал болж өнгөрлөө. МАН Бага хурлаа, МАХН Бага чуулганаа хийж байна. Гэтэл хоёр талын эвсэж хэлэлцэж тохирсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд албан ёсоор ирүүлж эхэллээ. Тухайлбал, орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн ИТХ-д авсан саналын тоог харгалзана гэдгийг 2012 оны УИХ-ын сонгуульд авсан саналын тоогоор харгалзаж үзнэ гэж өөрчлөх. Квотуудыг тогтоохдоо МАН 70-80 хувь, үлдсэн 20-30 хувь нь МАХН байна гэж нэмж оруулах. Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг авсан саналаас үл харгалзан сөөлжүүлж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцлаа. Хоёр талаас байгуулсан санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий.

Сонгуулийн ерөнхий хорооны 84 дүгээр албан тоотоор бол УИХ-ын сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө буюу өнөөдөр дуусгавар болгох учиртай. Цаг хугацаа ийм богино байхад МАХН тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа яаралтай өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг  төлөөллийн байгууллагадаа оруулна.  Тийм учраас олон салаа утгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж байна. МАХН-ын дарга биднийг мэдээлэл хийснээс хойш бусад улс төрийн намуудтай уулзаж, яриа хэлцэл хийж яваад байгааг ёс зүйгүй зарчимгүй зүйл ээ гэж үзэж байна.

МАН-ын Бага хурлын гишүүд эцсийн байдлаар эвслийн гэрээг оруулж ирэхийг хүлээж байгаа. Уг нь бид өчигдөржингөө МАХН-ынхантай уулзаж ярилцах гэж хөөцөлдөөд чадаагүй. Бодит байдал ийм байна" гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж