Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан анх удаагаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн Б.Даваа-Очир арслан анх удаагаа түрүүллээ

Өмнөговь аймгийн хурц арслан П.Бямбаагийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Хангай, Б.Тайван, Д.Анар тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Голден жим” ХХК, “Хөвсгөл хөгжил сан”-гийн бөх аймгийн залуу арслан Б.Даваа-Очир түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв. Арван насны зөрөөтэй хоёр арслангийн барилдаан төд удсангүй. Тэд өрөнгүүтээ шууд золгон Даваа-Очир сугадаж мушгих, хавирах, хутгах зэрэг олон мэх угсруулан хурц арсланг нэлээд тэвдүүлсэн агаад тогтонгуут нь дагуулж мушгиад хаячихав. Бас л мэдрэмжтэй аж. Ийнхүү Даваа-Очир арслан анх удаа аймаг цэргийн цолтнуудын барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол Мөнгөнбаатар  хурц намраас хойш 6 дахь удаагаа тэргүүн байрын төлөө өрсөлдөж 4 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн амжилтыг үзүүлээд байна. 

Их шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Ажнай” бөхийн дэвжээ, Алдар СХ, Өмнөговь аймгийн МХГ-ын бөх аймгийн хурц арслан Бэгзийн МИЖИДСҮРЭН; Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Дорнод аймгийн ОБГ, “Аварга” БТДС, “Бүрэн дуулга” ХХК-ийн бөх аймгийн арслан Доржийн АНАР нар шалгарав.Даваа-Очир Дорнодын Анартай тунаж барилдаад Анарыг дархан ачих мэхээ хийхэд нь ард нь гарч тэр чигт нь дөрвөн хөллүүлж, мушгиж дараад давсан юм. Харин Мөнгөнбаатар Өмнөговийн хурц арслан Мижидсүрэнг амлаж ганцхан мушгиад л дороо хийчихнэ лээ.

Анар зургаагийн даваанд хурц арслан Эрдэнэхүүд амлуулан барилдахдаа барьц сонгосон Эрдэнэхүүг мөн чиг аатай дагуулж хөмрөн давсан даа. Энэ даваанд Даваа-Очир Золбоог мөн л ард нь гарч дөрвөн хөллүүлээд дарж давсан бол Мөнгөнбаатар Булганы Сүхбат хурцыг мушгиад, Мижидсүрэн Хөвсгөлийн Ганхуягийг мордоод давав.

Тавын даваанд Баянхонгорын Золбоо Ховдын Батсайхан нарыг хэн ч амлалгүй тунасан агаад Золбоо хөлд нь орж тэр чигт нь хонгодож хөөгөөд давна лээ. Эрдэнэхүү а.н Э.Баасанжавыг этээд гэдрэг нь суулгачихсан бол Мөнгөнбаатар а.з Д.Бат-Эрдэнийг зүүн талласан барьцнаас дотуур этээд, Анар Хангайг мордоод, Ганхуяг Амаржаргалыг барьц сонгон, Даваа -Очир О.Гантулгыг хутгаад тус тус давлаа.

Өмнөговь аймгийн Ажнай дэвжээний улсын начин Д.Багахүү, Б.Сумъяа, Ц.Одбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд болон у.н Б.Шоовдор хоёр хүүгийн хамтаар хурц арслан П.Бямбаа агсны гэр бүл, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлсэн бол П.Бямбаа агсны гэр бүлийнхэн Сэврэй сумын харьяат аймгийн харцага Б.Амар-Амгалан хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм. Амар-Амгалан энэ өдөр амжилттай барилдан гурав давж, дөрвийн даваанд а.х.а О.Гантулгатай оноолт таарч өвдөг шороодсон юм.

Тавын даваа

1.    Б.Ганхуяг а.х.а–Д.Амаржаргал а.а

2.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–Д.Бат-Эрдэнэ а.з

3.    Б.Эрдэнэхүү а.х.а–Э.Баасанжав а.н

4.    Б.Мижидсүрэн а.х.а–Ба.Батжаргал а.х.а

5.    Ө.Сүхбат а.х.а–М.Еркебулан а.а

6.    О.Гантулга а.х.а –Б.Даваа-Очир а.а

7.    О.Хангай а.а –Д.Анар а.а

8.    Н.Золбоо а.а –Н.Батсайхан а.а

Зургаагийн даваа

1.    Б.Ганхуяг а.х.а –Б.Мижидсүрэн а.х.а

2.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ө.Сүхбат а.а

3.    Б.Эрдэнэхүү а.х.а –Д.Анар а.а

4.    Н.Золбоо а.а –Б.Даваа-Очир а.а

Долоогийн даваа

1.    Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Мижидсүрэн а.х.а

2.    Д.Анар а.а –Б.Даваа-Очир а.а

Наймын даваа

1.    Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваа-Очир а.а

/үзүүрлэсэн/                    /түрүүлсэн/

С.Бадам

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж