Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авахаар болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ. Улаанбурхны халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд өөрсдөө мөнгө гаргаж, гаднаас худалдан авч буй. Дээрх эм, тариа нь өртөг өндөртэй, 150-260 мянган төгрөгийн хооронд эмийн сангуудаар борлуулагддаг учир иргэнд хүнд тусна. Өвчин намдаах Виферон лаагаас бусад нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эм, тарианы жагсаалтад ороогүй. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, Спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг хэвийн олгохоор болж байна.